ӨМНӨГОВЬ: Өдөрлөгөөр 43 иргэн шууд ажилд зуучлууллаа

“Уул уурхайн нээлттэй өдөрлөг-2026”-г энэ сарын 1-2-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ханган нийлүүлэгчдийг дэмжих зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Өдөрлөгийн үеэр 602 сул ажлын байр санал болгож, 2403 иргэн анкет бөглөснөөс 258 нь шалгуур ханган бүртгэгдэж, 43 иргэн шууд ажилд орсон байна.

Энэ удаагийн өдөрлөгт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид идэвхтэй оролцлоо. Хүнсний 26, хоол үйлдвэрлэл, катерингийн 7, хөдөлмөр хамгааллын хувцасны 13 аж ахуйн нэгж нийлж, нийт 46 байгууллага уул уурхайн компаниудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн нь онцлог байв.

Өдөрлөгийн үеэр спорт, ур чадвар, аврах ажиллагааны чиглэлээр таван төрлийн тэмцээн зохион байгуулж, оролцогчдын идэвх оролцоог нэмэгдүүллээ. Гар бөмбөгт 17 баг, ширээний теннист 24 тамирчин, дартсад 14 баг, аврах ажиллагаанд 4 баг, ур чадварын төрөлд 20 байгууллагын баг тамирчид оролцож, нийт 14 байгууллагын 300 гаруй хүн хамрагджээ.

Өмнөговь аймаг нь уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засгийн гол бүс нутгийн нэг бөгөөд өнөөдрийн байдлаар тус салбарт 20 аж ахуйн нэгж, тэдгээрийн 2000 гаруй туслан гүйцэтгэгч компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд орон нутгийн 7876 иргэнийг ажлын байраар хангаж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

ЗАВХАН: Улаан гүүр орчим түүх, орчин үеийг хослуулсан бүс болжээ

Завхан аймгийн Улиастай сумын төвөөр урсах Чигэстэй гол дээгүүр барьсан гүүрүүд нь түүхэн болон орчин …