Дэлхий даяар 1948 оноос эхлэн тавдугаар сарын 8-ныг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархал илэрхийлэх өдөр болгон зохион байгуулдаг. Хүмүүнлэгийн өдрийг Олон улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Дэлхийн 192 орны Үндэсний нийгэмлэгийг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын Улаан загалмайн хороог 1863 оны хоёрдугаар сарын 17-нд байгуулсан түүхтэй.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг “Монголын Хүмүүнлэгийн өдөр” болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын Улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн юм. Энэ жил тус өдрийг “Хүмүүлэгийн хүчээ нэгтгэе” уриан дор тэмдэглэж, орон даяар Улаан загалмайн хороодоор дамжуулан олон нийт, хүүхэд залуусын дунд хүмүүнлэгийн үйлсийг сурталчлан ажиллах ажээ. МУЗН-ээс “Монголын хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан “Хүмүүнлэгийн хүчээ нэгтгэе” үйл ажиллагааг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.
МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Жил бүрийн тавдугаар 8-ныг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөн болон Монголын хүмүүнлэгийн өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Хүмүүнлэгийн хүчээ нэгтгэе” өдөрлөг юм. Өнөөдөр цэнхэр гарагийн олон газар дайнтай, амгалан тайван биш байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшигт үзэгдлүүдийн давтамж ойртлоо. Болзошгүй эрсдэлд иргэдээ бэлэн байлгах, сургах асуудал илүү анхаарч байна. Тиймээс “Хүмүүнлэгийн хүчээ нэгтгэе” уриан дор улаан загалмайн үйл ажиллагааг Монголын өнцөг булан бүрд хүргэх зорилго тавьсан. Өнөөдөр улаан загалмайн 75 мянга гаруй сайн дурын ажилтны хүчээр Монголын дөрвөн зүг, найман зовхистод хүмүүнлэгийн тусламжаа хүргэж байна. “Монголын хүмүүнлэгийн өдөр”-ийг нийслэлийн захын сургуулиудад шаардлагатай тусламж үзүүлэхээс гадна онцгой байдлын үед ажиллах үйл ажиллагааг дэмжиж хээрийн майхнаас эхлээд бусад хэрэгслийг хандивласан” хэмээн ярилаа.
Тэгвэл МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн ахлагч М.Цэцэгсүрэн “Монголын улаан загалмайн нийгэмлэгээс өнөөдөр зохион байгуулж буй өдөрлөг нь үйл ажиллагаагаа сурталчлах, хүүхэд залуусыг үе тэнгийн дээрэлхэлтээс хамгаалах, сайн дурын ажилтныг олон нийтэд таниулахыг зорьж байна. Хүмүүнлэг иргэнийг ирээдүйд бэлтгэх нь манай өнөөдрийн үйл ажиллагааны гол зорилго юм. Бид сайн дурын ажилтан, идэвхтэн гишүүд, дэмжигчид, ажилтнууд, залуучууд, олон нийтийн дуу хоолойг сонсож, тэднийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах, жендэрийн тэгш байдлыг хангах, өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх байгууллагын соёлыг төлөвшүүлэхийг уриална” гэв.
Ташрамд дурдахад, Хятадын Улаан загалмайн нийгэмлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хүмүүнлэгийн тусламжийн барааг өчигдөр МУЗН хүлээн авснаар 21 аймаг, есөн дүүрэгт өгчээ.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл




