Төрийн байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж байна

 Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр нийт байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж буйг Архивын ерөнхий газар мэдээллээ.

Тодруулбал, 5581 байгууллагаас 3809 буюу 68.28 хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж байна.

“Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах тухай” тогтоол, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 онд баталсан. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг 2021, Цахим гарын үсгийн тухай хуулийг 2022 онд батлан, өнгөрсөн онд улсын үзлэг зохион байгуулж, архив, Албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгажээ. Үзлэгийг энэ оны эхээр зарим байгууллагад үргэлжлүүлэхэд дундаж үнэлгээ нь 83.6 хувь гарчээ. Зарим байгууллага “бүрэн хангалттай”, “маш сайн” үнэлгээ авсан байна.

Манай улс 1970 оноос бичиг хэргийн хөтлөлт, архивын улсын үзлэг хийж эхэлсэн бөгөөд 1984, 1990, 1995, 2000 онд төрийн архивын ажилд, 2004, 2009, 2015, 2019 онд байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын үзлэг явуулсан байдаг.

Төрийн байгууллагын архив, бичиг хэргийн түвшинг тогтоох хууль, журам, стандартын хэрэгжилтийг шалгах, байгууллагын ажлыг үнэлэх, бодлого, төлөвлөлтийг сайжруулах зорилготой улсын үзлэг нь байгууллагын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, архив, бичиг хэргийн ажлыг стандартчилах, зөрчлийг арилгах, сайжруулах, улсын хэмжээнд нэгдсэн үнэлгээ, бодлого боловсруулахад чухал нөлөөтэй билээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

“UB DRONE BATTLE” видео контентын уралдааныг зарлалаа

Нийслэлийн Соёл, урлагийн газраас оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх, иргэний соёлын боловсрол, …