Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг /2026.05.11/ хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд бүх салбарт хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд нээлттэй ярилцлаа.
Хүний эрхийг дээдлэх, хамгаалах нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Эдийн засгийн өсөлтийг айл өрх, иргэн бүрд хүргэх үндсэн арга зам нь Үндсэн хуульд заагдсан хүний эрх, эрх чөлөөг дэмжиж, төрийн хүнд суртал, шаардлагагүй дүрэм журмын хязгаарлалт, төрийн хэтийдсэн оролцооноос чөлөөлөх шаардлага бий. Иймээс УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгаа эрх чөлөөг дэмжиж, өсөлт, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын дор 4 чиглэлээр хэрэгжүүлэн ажиллаж буй гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал хэлэв.
Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн асуудлаарх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийн ойлголт, мэдрэмжийг хүүхдэд бага наснаас нь суулгах, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй иргэнийг төлөвшүүлэхэд дорвитой ахиц гаргахад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.
НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд, аливаа улс бодлого шийдвэр гаргахдаа нийгмийн эмзэг бүлгийг орхигдуулахгүй байх нь чухал. Хөгжлийн төлөвлөлт, төсөвлөлтийг боловсруулахдаа хүний эрх, нийгмийн хөгжлийн шаардлага, байгаль орчноо хамгаалах зорилтуудыг харгалзаж байхад анхаарах нь чухал гэдгийг онцлов. Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга амжилттай хэрэгжвэл хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд ахиц дэвшил гарна гэдгийг илэрхийллээ.
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бодлого шийдвэрт хүний эрхийн зөрчил байгаа эсэхэд дүн шинжилгээ хийдэг болохоор төлөвлөж байгаагаа илэрхийлэв. Мөн Хүний эрхийн сургалт судалгааны Ази, Номхон далайн бүсийн төв байгуулах тухай Харилцан эрмэлзлийн тунхаглалд гарын үсэг зурсанд баяртай байна гэсэн юм.
НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссарын алба ирэх наймдугаар сард Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх баг илгээхээр болсон байна.
Монгол Улсад өмнө нь НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Мэри Робинсон 2000 онд айлчилж байжээ.
Эх сурвалж: Mongolia.gov.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл






