Шинжээч: “Сибирийн хүч-2” хоолой эрсдэлийг бууруулах механизмыг бий болгоно

“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн төсөл хэрэгжсэнээр Хятад улс Ойрх Дорнодоос авч буй шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлттэй холбоотой эрсдэлийг багасгах боломжтой гэж үзэж байгаагаа Зүүн Хятадын багшийн их сургуулийн дэргэдэх Орос, Еврази судлалын хүрээлэнгийн захирал Цюй Вэньи ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ.

“Сибирийн хүч – 2″ хоолой ашиглалтад орсноор Оросоос Хятад руу нийлүүлэх байгалийн хийн хэмжээ жилд 50 тэрбум шоо метрээр нэмэгдэж, нийтдээ 100 тэрбум шоо метрт хүрснээр Хятадын нийт хийн импортын 50 орчим хувийг эзлэх юм. Ингэснээр стратегийн эрсдэлээс хамгаалах үр ашигтай механизм бий болж, Ойрх Дорнод болон Африкийн далайн тээврийн замуудаас хамааралтай нийлүүлэлт, эрэлтийн хэлбэлзлээс учрах нөлөөллийг мэдэгдэхүйц зөөлрүүлнэ” гэж профессор ярилаа.

АНУ-Ираны зөрчил хурцадсан нь эрчим хүчний эх үүсвэрүүдийг далайгаар тээвэрлэх, мөн Ормузын хоолойтой холбоотой эрсдэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлснийг Цюй Вэньи дурдаад энэ нөхцөлд “Сибирийн хүч-2” төсөл нь нийлүүлэлтийн тогтвортой байдал, эдийн засгийн үр ашиг, геополитикийн тогтвортой байдлын үүднээс улам бүр үнэ цэнтэй болж байгааг онцлон хэллээ.

Үүний зэрэгцээ Хятад улс нь дэлхийн аж үйлдвэрийн тэргүүлэгч гүрэн, асар их хүн амтай орны хувьд эрчим хүчний импортын тэнцвэргүй байдлаас үүдэх эрсдэлээс болгоомжлох ёстой гэдгийг тэрбээр хэллээ. “Хятад, Оросын улс төрийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа өндөр түвшинд байгаа хэдий ч Оросын дотоод бодлогын өөрчлөлт эсвэл геополитикийн хурц мөргөлдөөнүүд нийлүүлэлтэд саад учруулах эрсдэлтэй” хэмээн судлаач тэмдэглээд, эрчим хүчний дэд бүтцэд халдах тохиолдлуудыг (жишээ нь, хорлон сүйтгэх ажиллагаа) жишээ болгон дурдав.

Профессорын хэлснээр, Хятад улс эрчим хүчний эх үүсвэрийн импортоо далай болон хуурай замаар тэнцвэртэй байлгах стратегийг баримталж байгаа бөгөөд сэргээгдэх, цөмийн болон уламжлалт эрчим хүчийг зэрэг хөгжүүлж байна. Сүүлийн үеийн Ойрх Дорнодын хямрал нь Хятадын энэ олон талт стратеги үр дүнтэй болохыг баталсан гэж тэрбээр дүгнэж байна.

Мөн ОХУ-аас авах эрчим хүчний эзлэх хувь нэмэгдэх нь Хятадын хувьд “хяналттай эрсдэл” бөгөөд эрчим хүчний аюулгүй байдлын тогтолцоонд тогтвортой эх үүсвэр болж чадна гэж тэрбээр үзэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний 2025 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд талууд “Сибирийн хүч – 2” болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай “Союз Восток” транзит хоолойг тавих тухай хууль ёсны хүчин төгөлдөр, заавал биелүүлэх үүрэг бүхий санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд хэрэгжүүлж буй эрүүл …