УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн танилцуулга болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.
Үүний дараа Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн гол зорилго нь санал авах өдөр хүрэлцэн ирж чадахгүй сонгогч санал авах өдрөөс өмнөх 3 хоногийн дотор харьяа санал авах байранд очиж, саналаа өгч болохоор хуульчилсан байна.
Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа 240 мянган иргэн сонгуульд оролцохын тулд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай байсан бол шинэ хуулийн дагуу уг шаардлагыг хасаж, иргэд шууд санал өгөх боломжтой болно гэсэн үг. Гадаадад санал авах хугацаа санал авах өдрөөс 13 хоногийн өмнө эхэлж, 5 хоногийн турш санал авах ажлыг зохион байгуулж, цагийг 07:00–17:00 цаг байхаар тусгасан байна.
Хуулийн төслийг баталснаар сонгогчдын оролцоо нэмэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эрх зүйн орчин боловсронгуй болно. Тус хуулийн төслийн хамт Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ.
Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонссон аж.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл