БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр зохион байгуулах Монгол, Япон, БНСУ, БНХАУ-ын хамтарсан Шар шороон шуурганы ажлын хэсгийн 19 дүгээр уулзалт нь бүс нутгийн хамтын судалгаа, шинжилгээг эхлүүлэх чухал алхам болохыг онцлов.
Тэрбээр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзан, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгч багатай хөгжил, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцож, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа олон жилийн турш тогтвортой хөгжиж, үр дүн гаргасныг тэмдэглэжээ. Мөн хоёр улсын Байгаль орчны яам хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалт нь үр дүнтэй хамтын ажиллагааны механизм болж төлөвшсөнийг тодотгоод, энэ онд 17 дахь удаагийн уулзалтыг Монголд зохион байгуулж байгааг дурдлаа.
Ц.Сандаг-Очир, манай улс Япон Улстай хамтран хэрэгжүүлж буй Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл, хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын хамтын ажиллагаанд ач холбогдол өгч, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, чадавх бэхжүүлэхэд үзүүлж буй дэмжлэгийг үнэлж байгаагаа илэрхийлжээ.
Элчин сайд М.Игавахара Монгол Улсыг 2027 онд Япон Улсын Ёокохама хотод зохион байгуулах “GREEN-EXPO 2027”-д албан ёсоор оролцохыг урьж, энэ нь Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, “Тэрбум мод” хөдөлгөөн болон (COP17)-ын үр дүнг олон улсад сурталчлах ач холбогдолтойг тэмдэглэлээ. Түүнчлэн энэ оны долоодугаар сарын 13-15-нд Япон Улсын Токио хотноо зохион байгуулах амьтны зохистой ашиглалт, менежментийг дэмжих олон улсын хуралд Монголын төлөөллийг оролцуулахыг уламжлав.
Талууд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, нүүрстөрөгч багатай хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл