МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээлтээ хийлээ

Монгол Улсад судалгааны их сургууль үүсэж хөгжсөний 10 жилийн ойн хүрээнд МУЭИС-ийн дэргэдэх “Монгол-Япон судалгааны төв”-ийг нээх ёслолын ажиллагаа Эрдмийн ордонд боллоо.

Нээлтэд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, Японы Элчин сайдын яамны дэд тэргүүн Кондо Казүмаса тэргүүтэй зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, бизнесменүүд оролцжээ. “Монгол-Япон судалгааны төв”-ийг МУЭИС-ийн хүндэт доктор, Японы бизнес эрхлэгч Канто Масотошигийн санаачилгаар байгуулсан бөгөөд хоёр орны төр, хувийн хэвшил, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан төсөл, хөтөлбөр, судалгаа, академик солилцоог хэрэгжүүлэх, залуу судлаачдыг олон улсын түвшинд бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Ч.Даваабаяр нээлтэд үг хэлэхдээ “Монгол, Японы харилцаа олон жилийн турш харилцан хүндэтгэл, итгэлцэл, найрсаг хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжиж ирсэн. Өнөө үед их сургуулийн дэд бүтэц, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, бизнесийн дэмжлэг, эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа. Тэгвэл “Монгол-Япон судалгааны төв” нь хоёр улсыг холбосон оюуны гүүр болж, ирээдүйн хамтын ажиллагааны бат бөх суурийг тавина гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ташрамд дурдахад Монгол Улсын Эрдмийн Их сургууль “Дэлхийд нэр хүндтэй орчин үеийн судалгааны элит их сургууль байна” гэсэн алсын хараагаа хэрэгжүүлэн, дэлхийн нэр хүндтэй байгууллага, гадаадын олон улстай хамтын ажиллагааг идэвхтэй явуулж байгаа аж.

Эх сурвалж: Parliament.mn

Санал болгох мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.21/ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд …