НҮБ-ын Хүүхдийн Сан болон Боловсролын яам хамтран “Үндэсний эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөр”-ийг эцэслэх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр бага насны хүүхдийн хөгжил, гэр бүлийн орчин, эцэг эхийн оролцооны ач холбогдлыг онцлон хэлэлцэж, 0-6 нас нь хүүхдийн хөгжлийн хамгийн чухал үе болохыг мэргэжилтнүүд тэмдэглэлээ. Хүүхэд бүр зөв үлгэр дуурайлалтай орчинд өсөж, хүнлэг энэрэнгүй, мэдлэг чадвартай иргэн болон төлөвшихөд гэр бүлийн оролцоо хамгийн чухал нөлөөтэйг онцлов. Судалгаагаар бага насандаа эцэг эх, асран хамгаалагчтай бат бөх сэтгэл хөдлөлийн холбоо тогтоосон хүүхдүүд өсвөр насандаа нийгмийн харилцаанд илүү идэвхтэй оролцож, сэтгэл гутралд өртөх магадлал бага байдаг ажээ.
Мөн хүүхдийн хөгжил нь зөвхөн гэр бүлийн асуудал бус улс орны ирээдүйн хөгжил, эдийн засагтай салшгүй холбоотойг оролцогчид онцолсон байна. Зөв монгол иргэнийг төлөвшүүлэхэд өрх гэрээс эхлээд бодлого тодорхойлогч хүртэлх бүх шатанд хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг анхаарч, шийдвэрлэх шаардлагатайг хэлэлцэв.
Түүнчлэн биеийн тамир, сэтгэлийн тамир, оюуны чадамжтай иргэнийг төлөвшүүлэхэд төрөөс бодлогын түвшинд анхаарахын зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо онцгой чухал болохыг дурдсан юм. Хэлэлцүүлэгт Л.Энх-Амгалан оролцож, боловсролын шинэчлэл болон бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцууллаа.
Мөн эцэг эх, асран хамгаалагчдад нотолгоонд суурилсан мэдлэг, ур чадварыг хүртээмжтэй хүргэх, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх арга замуудыг тодорхойлсон талаар Боловсролын яамнаас мэдээлэв.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл


