Байнгын хорооны гишүүдийн зүгээс Ц.Оюунгэрэл сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан хүүхэд залуучууд, тэр дундаа хөдөө орон нутгийн залууст чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс, соёлын төв, номын сан, музейн барилга байгууламж барих хөрөнгийн эх үүсвэр муу, телевизийн хөтөлбөрийн агуулга учир дутагдалтай зэрэг санал шүүмжлэл хэлж байлаа.
-УИХ-ын гишүүн Х.Энх-Амгалан: МҮОНТ-ийн программын хэдэн хувийг Монголын түүх соёлыг сурталчлах чиглэлийн нэвтрүүлэг эзэлж байна. Яам хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Ц.Оюунгэрэл: МҮОНТВ-тэй яам гэрээгүй. Гэхдээ радио телевизийн өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл боловсруулах ажил эхний шатандаа явж байна. Яваандаа агуулгын хувьд квоттой болгох тухай ярьж байгаа.
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Яамнаас кино урлагийн салбарт чухам ямар бодлого баримталж байна. Бодлогоо хэрэгжүүлэх ямар механизм байгааг тодруулаач?
-Ц.Оюунгэрэл: Яамны зүгээс киноны асуудалд хатуу бодлого баримталж байгаа. Монголын гурван кино Пусаны кино наадамд өрсөлдөж, нэг бүтээл нь гранпри шагнал хүртсэнийг дуулгая. Энэ гурван киноны нэг нь хүүхдийн “Шарга даага” нэртэй кино байгаа. Хэрэгжүүлэх механизмийн тухайд Харилцаа холбооны газартай хамтраад агуулга талаас нь хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна.
-УИХ-ын гишүүн Г.Уянга: Төв бассейн нурсан, засвар шинэчлэл хийх хөрөнгө мөнгө байхгүй гэх асуудал сөхөгдөж байна. Төв бассейны өөрийнх нь орлогоос засвар хийж болдоггүй юмуу?
-Ц.Оюунгэрэл: Төв бассейны зардал нийслэлд хамаардаг. Үүсээд байгаа эвдрэлийг засах хөрөнгө яаманд одоогоор байхгүй.
-Лениний музейн өмчлөлийн маргаан юу болсон бэ?
-Ц.Оюунгэрэл: Гурван шатны шүүхийн шийдвэр Лениний музейн барилга төрийн өмч болохыг тогтоосон. МАН-аас энэ асуудлаар Ерөнхий шүүгчид хандахаа мэдэгдсэн. 12 сарын 11-нээс ирэх нэгдүгээр сарын 10-ны дотор гаргана. Үүнээс хойш 30 хоногийн дотор Ерөнхий шүүгч асуудлыг хэлэлцэнэ.
-Циркийн хувьчлалыг буцааж болох уу гэж иргэд их асуух юм. Циркчид бэлтгэлээ хийх талбайгүй, хэцүү байдалд байгаад анхаарал хандуулж байна уу?
-Ц.Оюунгэрэл: Циркийн асуудалд яам оролцооч гэдэг. Гэтэл хувьчлалыг буцаах нь яамны ажил биш. Үүнийг Төрийн өмчийн хороо шийдэх ёстой. Лениний музейн хувьд ямар ч хувьчлал болоогүй учраас яам оролцсон.
Ингээд сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүдээс олон санал гарсан учир Байнгын хорооноос тогтоол гаргаж, Засгийн газар, Сангийн яаманд хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь үзсэн юм. Ажлын хэсэг хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зорилгоор хүүхдийн кино театр, усан бассейн, арилжааны телевизүүдийн бодлого, хөтөлбөр, нэвтрүүлгийн агуулгад тавьж байгаа хяналт, тэдгээр нь хүүхэд, залуучуудын соёл, хүмүүжил төлөвшилт хэрхэн нөлөөлж байгаа асуудлаар тодорхой чиглэл гаргаж, тогтоол болгон батлуулах үүрэг хүлээлээ.
Ингэснээр өнөөдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.