“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын бохир усны төвлөрсөн систем 1963 оноос хойш 63 жилийн турш ашиглагдаж байна. Нийт дөрвөн байршилд 51.6 км урт үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км бүхий үерийн хамгаалалтын суваг байдаг. Үүний 86.7 км шугамын ашиглалтын хугацаа дууссан. Нийслэлд 2024 оны зургаадугаар сард болсон үерээр зургаан дүүргийн 40 гаруй хорооны нутаг дэвсгэр үерт автсан нь үерийн хамгаалалтын байгууламжуудыг үе шаттайгаар шинэчлэх шаардлагатайг харуулсан юм.

Иймд “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, нийслэлийн 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүний есөн байршилд Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ тус төслийг хоёр багцад хуваажээ. Тухайлбал, “Багц-1” ажлын хүрээнд 95.5 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийг шинээр барина. Төслийн ТЭЗҮ-ийг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн хурлаар 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хэлэлцүүлж, магадлал хийлгэх шийдвэр гарсан байна.

Харин “Багц-2” ажлын хүрээнд 40 км урт бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх бөгөөд тус багцын ТЭЗҮ-ийг “Гидро инженеринг” компани боловсруулсан байна. Шуудуу ухалгүйгээр бохир ус дамжуулах хоолойг доторлох технологи нь зам талбайг эвдэхгүйгээр шугам сүлжээг шинэчлэх боломж олгож, хотын хэвийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг багасгах ач холбогдолтой юм.

Дээрх хоёр багц ажлын Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ

“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн III үе шатны төслийн болон …