Даншиг наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байгаа юм.
Наадмын үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Б.Мөнхбат, А.Амартүвшин, Г.Жаргалсайхан, Ч.Батзориг, Л.Ариунтуяа, Л.Хосбаяр, Б.Сэмжидмаа, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нар оролцлоо.
Мөн “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадамчдын хүндэтгэл хүлээсэн зочин бол Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт байлаа.
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадамд Улс, аймаг, сумын цолтой 256 хүчит бөхийн барилдаж, 810 харваач цэц мэргэнээ сорьж байна. Тодруулбал, тэмцээнд эрэгтэй 501, эмэгтэй 309 харваач оролцож, хоёр өдрийн турш Хана сурд 20 сум, Хасаа сурд 20 сум нийт 40 сум харван, нийлбэр дүнгээрээ шилдэг 10 байрын төлөө цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа юм.
Харин Уухай шагайн харваа тэмцээнд 40 багийн 500 гаруй тамирчин, Сээр шалгах тэмцээний 3 насны ангилалд 150 орчим тамирчин оролцож байна.
Наадамчин олонд сонирхуулахаар нийслэлийн түүхийг харуулсан гар зургийн үзэсгэлэн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих мөн гадны жуулчдад сурталчлан сонирхуулахаар Монгол үндэсний өв, соёл уламжлалыг харуулсан гар урлалын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна.
Харин маргааш буюу 6 дугаар сарын 28-ны ням гарагт Даншиг наадмын билэгдэл, наадмын хамгийн онцгой бөгөөд сүр жавхлант хэсэг болох Хүрээ цам- Цам харайн ёслол бүжих ёслол болно.
Цам харайн бүжих үеэр Очирваань бурханы догшин дүр, уран догшин цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, нархай, нохой, хөх өвгөн зэрэг олон билэгдэлт дүрээр, 120 гаруй цамчид өмсгөл, гоёл чимэг зүүлт, барьц хэрэгслээр гоён оролцдог билээ.
Нийслэлийн иргэдийн баяр- “Хүрээ цам Даншиг наадам 2026” хүй 7 худагт 27, 28-н буюу энэ бямба, ням гарагт 10:00-20:00 цагт болох юм.
Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл