Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмаар хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага юм.
Иргэдээс сонгогддог, иргэдийн төлөөллийн байгууллага учраас “орон нутгийн парламент” ч гэж нэрлэдэг. Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч нь иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргад асуулт, асуулга тавих, хуралд хэлэлцүүлэхээр санал оруулж, сонгогчдодоо хийсэн ажлынхаа талаар тайлагнаж, мэдээлэх үүрэгтэй.
Энэ дагуу Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн санаачилсан, хийж хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг олон нийтэд хүргэх “Төлөөлөгч-45” буланг нээж байна. Эхний зочдоор Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч Д.Наянбаяр, Д.Отгонсүрэн нар оролцлоо.
Налайх дүүрэг нь:
- Газар нутаг: 68.000 га
- Хүн ам: 36.500 (10.349)
- Үндэстэн, ястан: Халх, казах, дөрвөд, торгууд, урианхай, захчин, буриад, барга, өөлд зэрэг олон ястан амьдардаг.
- Хөгжлийн чиг хандлага: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Туул голын сав хөндийд оршдог бөгөөд “Улаанбаатар хот-2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ зонхилсон улсын зэрэглэлтэй бие даасан хот болгон хөгжүүлэхээр тусгасан.
Дулааны шинэ станцын ажил 2026 онд эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Налайх дүүрэгт 300 га газарт барилгын материалын үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлж, хэд хэдэн компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Мөн Засгийн газрын тогтоолоор 7.850 га газарт “Налуу Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулахаар ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “Улаанбаатар хотын төвийг чиглэсэн хүн амын төвлөрлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулах дүүрэг бол Налайх, Багануур. Тиймээс дүүргийн дэд бүтэц, эрх зүйн орчин буюу хот болох шилжилт хөдөлгөөний асуудалд төвлөрч ажиллаж байна. Бид Монгол Улсын тэргүүлэх инженер, архитекторууд, гадаадын шинжээч, судлаачдын оролцоотойгоор дүүргийнхээ ерөнхий төлөвлөгөөг баталсан” гэлээ.
Нэн тэргүүнд жил бүр өсөн нэмэгдэж буй хүн амын дулаан, цахилгааны хангамжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Наянбаяр, Д.Отгонсүрэн нар холбогдох байгууллагуудтай хамтран Налайхын дулаан, эрчим хүчний шинэ станцын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан, Эрчим хүчний яаманд 2025 онд хүсэлтээ өгчээ. Үүний үр дүнд 70 мВт-ын хүчин чадалтай дулааны шинэ станцын ажлыг энэ жил нийслэлийн төсвөөр эхлүүлэхээр болсныг төлөөлөгч Д.Наянбаяр онцлов.
Мөн Налайхын үйлдвэр технологийн паркийг түшиглэн 2024, 2025 онд дэд станцууд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нартай хамтран 120 га газарт сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт татах төлөвлөлт хийгдэж байна.
Түүнчлэн дүүргийн цэвэр усны хангамжийг шинэчлэх зураг төслийн ажлыг хийж эхэлснийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн дурдлаа. Нийт 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэр усны байгууламжийг шинэчилснээр Налайх дүүрэг болон ойр орчмын сууринг найдвартай эх үүсвэрээр хангах боломж бүрдэх нь.
Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жуулчдад зориулсан бараа бүтээгдэхүүн борлуулах цэг байгуулна
Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь жилдээ 500 мянга орчим жуулчин хүлээж авдаг, Улаанбаатар хотод хамгийн ойр аялал жуулчлалын бүс. Тиймээс ирэх жил нийслэлийн 9 дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран, үндэсний үйлдвэрлэгчид, гар урлаачид болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулж, 2 га газарт бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах цэг байгуулахаар төлөвлөсөн байна.
Тэрэлж рүү орох замд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, Морин хуурын цогцолбор хөшөө барих ажлыг эхлүүлсэн нь өв соёлоо сурталчлан таниулах түгээн дэлгэрүүлэх томоохон бүтээн байгуулалт болох юм.
Дүүргийн 5-р хороо буюу хуучнаар Гордок сууринг газар тариалангийн бүс болгон хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу БНСУ-ын хөрөнгө оруулагчтай хамтран нарийн ногооны ухаалаг хүлэмжийн төслийг хэрэгжүүлэхээр эхлүүлсэн байна
“Камерын хяналтын ногоон бүс” боллоо
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалт, хот тохижилтын ажлуудыг танилцууллаа.
Налайх дүүрэг 1950-1960 онд ашиглалтад орсон хуучны угсармал байруудаа 2018 оноос хойш үе шаттайгаар дахин төлөвлөлтөд оруулж, гадна фасад дулаалгыг шинэчилж байна. Тухайлбал, Гордок суурингийн угсармал байруудад ХБНГУ-ын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) санхүүжилтээр орчин үеийн технологиор гадна фасад, дулаалгыг ажлыг 70 гаруй хувьтай гүйцэтгээд буй юм.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн “Гордок суурин нь Тоньюкын хөшөө рүү чиглэсэн, Цонжин болдог явах зам дагуу байрлалтай тул аялал жуулчлалын худалдаа үйлчилгээ төвлөрөх бүрэн боломжтой. Мөн нийслэлд баригдаж байгаа барилгуудын элс, хайрга дайргыг 5-р хорооны нутаг дэвсгэр дээрээс олборлож байгаа тул үйлдвэрлэл хөгжсөн бүс болж байна. Манай Налайх бол “20 минутын хот” концепцод хамгийн тохирсон дүүрэг” гэсэн юм.
Налайх дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд:
- Камерын хяналтын ногоон бүс: Дүүрэгт Камерын хяналтын төвийг 2022 оноос ажиллуулж, өнөөдөр хиймэл оюун ухааны удирдлагатай 220 камер суурилуулснаар гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, буурсан байна. Эрсдэл өндөр 33 цэгт 76 ухаалаг камр нэмж суурилуулах ажил үргэлжилж буй юм.
- Ногоон байгууламж: Дүүргийн цэвдэг ихтэй, хужиртай хөрсийг мэргэжлийн дендрологичийн судалгаанд тулгуурлан эрүүлжүүлэх, ногоон байгууламжид зориулан бэлдэж, хамгийн сайн зохицох моддыг тарьж суулгажээ.
- Хөдөлмөр эрхлэлт: Дүүргийн иргэд, залуучуудыг ажилд зуучлах “Job Fair” арга хэмжээг жил бүр зохион байгуулж, нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.
- Дэд бүтэц: Хороолол доторх автозамуудыг газар доорх шугам сүлжээний хамт шинэчилж, гаражуудыг чөлөөлөн амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх талбай байгуулсан.
- Боловсрол: Дүүрэгт Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тус сургуульд 700 гаруй оюутан суралцаж, үүнийг дагасан боловсролын үйлчилгээ ч сайжирчээ.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Наянбаяр, Д.Отгонсүрэн нар Налайх дүүргийг бие даан хөгжих суурийг тавих, иргэдийн ажиллаж амьдрахад таатай хот байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгод чиглэн хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан төр, захиргааны байгууллагуудын уялдаа холбоог ханган ажиллаж байна.
“Төлөөлөгч-45” булангийн дараагийн дугаарт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг цувралаар хүргэх болно.
Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл