Жил бүрийн өдийд Улаанбаатар хот яг л өвлийн их цас орсон мэт цагаан хөвөнд дарагддаг. Ам, хамар руу чихэлдэх ургамлын хөвөн иргэдийг туйлдуулж, харшилтай хүмүүсийн хувьд зуны өдрүүд там болон хувирч байна. Иргэд “Өмнөх жилүүдэд ингэж их хөвөн гардаггүй байсан сан” хэмээн халаглаж суугаа нь зүгээр нэг хоосон хардалт биш юм. Улиас мод зургаадугаар сард үрээ цацаж, хөвөн ялгаруулдаг нь байгалийн хууль. Өөрөөр хэлбэл, өвөл цас ордог шиг жил бүр болдог, урьдчилан мэдэх бүрэн боломжтой үзэгдэл. Гэвч Нийслэлийн холбогдох албаныхан үүнд жил бүр л “гэнэтийн” мэт хойрго хандсаар ирлээ.
Уг нь өмнөх жилүүдэд хотын гол гудамжуудын модыг хөвөн нь задрахаас өмнө өндөр даралттай усаар тогтмол шүршиж, унагаадаг байв. Мөн эрт хавар 3-4 дүгээр сард багтаан залуужуулах тайралт хийж, хөвөн үүсэх процессыг сааруулдаг байсан туршлага бий. Гэвч энэ жил хотын удирдлагууд цаг хугацаа алдаж, арчилгааны ажлыг дутуу дулимаг хийсний горыг өнөөдөр нийслэлчүүд эрүүл мэндээрээ төлж байна.
Бид өнөөдөр ухаалаг хот, орчин үеийн шийдэл ярьж буй ч 1950-иад оны Зөвлөлтийн үеийн “хурдан ногооруулах” төлөвлөгөөний үр дагавар болох эм улиаснуудтайгаа зууралдсаар байна. Хуучин нийгмийн үед эр, эмийг нь ялгалгүй тарьсан улиаснуудыг үе шаттайгаар сольж, хөвөн гаргадаггүй эр улиас эсвэл хотын уур амьсгалд тохирсон өөр төрлийн гоёл чимэглэлийн модоор солих тухай яриа өнөөдөр ч цаасан дээрх төлөвлөгөө хэвээрээ л байна.
Бүр хачирхалтай нь, ургамал судлаачдын тогтоосноор улиас мод нь экологийн хүнд нөхцөл, стресст орвол (агаарын бохирдол, хэт халалт, буруу тайралт) амьд үлдэхийн тулд хүйсийн хувирал хийж, эм мод болон өөрчлөгддөг байна. Өөрөөр хэлбэл, хотын буруу арчилгаа, дутуу тайралтаас болж эр моднууд нь хүртэл “айсандаа” эм болон хувирч, улам их хөвөн ялгаруулж байна гэсэн үг. Энэ бол мэргэжлийн удирдлага, шинжлэх ухааны үндэслэлтэй арчилгаа хотод үгүйлэгдэж буйн тод жишээ юм.
Хотжилтын хамгийн том дайсан болох нарийн ширхэгт тоосонцор (PM2.5), автомашины утаа, хүнд металлуудыг агаарт хийсэж буй цагаан хөвөн соронз шиг өөртөө наалдуулж байдаг. Тэгэхээр иргэдийн ам, хамарт орж буй зүйл бол зүгээр нэг ургамлын үр биш, хотын бүх хор утааг шингээсэн “хортой бөмбөлөгүүд” юм. Хэрэв хот ажлаа хийж, модоо хугацаанд нь угаасан бол энэ бохирдол агаарт бус, хөрсөнд шингэх байлаа.
Дээрээс нь галын аюулгүй байдал туйлын ноцтой түвшинд хүрлээ. Гудамжинд хуримтлагдсан, дарь шиг амархан шатдаг хөвөнг хүүхдүүд шатааж тоглох, эсвэл хайхрамжгүй хаясан тамхины ишнээс болж томоохон гал түймэр гарах эрсдэл нүүрлээд байна.
Улаанбаатар хотын тохижилтыг зөвхөн цэцэг тарих, зам засах төдийхнөөр төсөөлдөг урсгалаараа сэтгэлгээнээсээ салах цаг болжээ. Байгаль цаг уурын өөрчлөлт, модны биологийн онцлогт тохируулж ажлаа урьдчилж төлөвлөдөггүй хотын менежерүүдийн балгаар нийслэлчүүд 5, 6 дугаар сарыг зуны зугаатай өдрүүд биш, зүдгүүртэй өдрүүд хэмээн угтаж байна. Одоо уриалах биш, усаар шүршиж, ажлаа бодитоор хийхийг хотын удирдлагуудаас шаардъя.
Х.Э
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл