Та бүхэнд Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсаны 137 жилийн ой, Олон улсын парламентын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
1889 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсан бөгөөд энэхүү түүхэн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллага 2018 оноос Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.
Парламент бол ардчиллын тулах цэг, ард түмний хүсэл зоригийг хууль бодлого болгох индэр. Парламент бол төр төвтэй бус хүн төвтэй хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний нийгэм байгуулах манай Үндсэн хуулийн үзэл санааны гал голомт юм.
Энэ өдөр бид төлөөллийн дээд байгууллагын чиг үүргээ хэр гүйцэтгэж байгаадаа дүгнэлт хийх өдөр. Ил тод байдал, хариуцлага, иргэддээ ээлтэй, бас нээлттэй байх зорилгодоо хүрэх замынхаа чухам хаана нь яваагаа эргэж харах ёстой. Ардчилсан парламентын үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулах чухал ач холбогдолтой өдөр юм.
Өнөөдөр дэлхий дахинд 183 үндэсний парламент Олон Улсын Парламентын Холбоонд нэгдэн, 188 улсын парламент, 44 мянга орчим парламентч ардчилал, энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийн төлөө үүрэг хүлээн амжилттай ажиллаж байна.
Монгол Улс 1962 онд Олон Улсын Парламентын холбоонд элссэнээс хойш, ялангуяа байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 1990 оноос хойш парламентын ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдал, залуучуудын оролцоог хангах, парламентын дипломат харилцааг хөгжүүлэх чиглэлээр тус байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн билээ.
Энэ жил Олон улсын парламентын өдрийг “Хүний эрхийг анхаарлын төвд авчиръя” уриан дор улс орнууд тэмдэглэж байна. Хүний эрх бол иргэн бүрийн төрдөө итгэх итгэл, шударга ёс, эрх чөлөө, аюулгүй байдлын үндэс юм. Хүний эрхийг хэр хангаж, хамгаалж чадаж байна гэдгээс хууль, шударга ёс, парламентын дархлаа шууд хамааралтай. Хууль тогтоох, төсөв батлах, Засгийн газарт хяналт тавих, иргэдийн өргөдөл, гомдлыг сонсох гээд парламентын бүхий л үйл ажиллагаанд нэгдүгээрт хүний эрхийг хамгийн бодит шалгуур болгох ёстой.
Хариуцлагатай, сайн парламент гэж олон хууль баталдаг парламентыг хэлэхгүй. Харин хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалдаг, иргэнийхээ дуу хоолойг сонсдог, баталсан хууль нь амьдрал дээр “гууль” болохгүй гуйвахгүй хэрэгждэг, гаргасан шийдвэр нь ойлгомжтой, хяналт нь бодитой, ёс зүй нь өндөр парламент л иргэдийнхээ итгэлийг бүрэн хүлээж чадна.
Төрд итгэх иргэдийн итгэл парламентад итгэх итгэлээс эхэлдэг. Иймээс хүний эрхийг дээдэлсэн, иргэндээ ойр, нээлттэй, хариуцлагатай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэх нь бидний парламентын шинэчлэлийн үндсэн зорилт юм.
Монгол Улсын Их Хурлын даргаар томилогдсоноос хойш хууль тогтоох үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог бодитой хангах, чуулганы ирц, хариуцлагын тогтолцоог илүү сайжруулах томоохон шинэчлэлийг Улсын Их Хурлын гишүүдийнхээ хамт амжилттай эхлүүлээд байна.
Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурал өнөөдөр 126 гишүүнтэй, тэдгээрийн 32 нь эмэгтэй гишүүн буюу 25.4 хувийг бүрдүүлж байгаа нь Азидаа дээгүүрт орох үзүүлэлт юм. Мөн 45 хүртэлх насны 51 гишүүн байгаа нь манай парламентад нийгмийн олон талт төлөөллийг илүү өргөн оролцуулах боломж нэмэгдсэнийг харуулж байна.
Гэхдээ энэ бүх тоон үзүүлэлтээс илүүтэй, иргэдээ төлөөлөх төлөөлөл нь бодит оролцоо болж, оролцоо нь оновчтой шийдвэр болж, бодлого шийдвэр нь иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах учиртай.
Хийрхсэн улстөржилтөөс илүү хууль тогтоомжийн үр нөлөө, хоосон шуугианаас илүү бодит үр дүн, улс үндэстний язгуур эрх ашиг, улс төрийн тогтвортой байдлаа ямагт эрхэмлэн, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, алс хэтийн бодлогод чиглэсэн оновчтой шийдвэр гаргах нь сайн парламентын үүрэг юм.
Олон улсын парламентын энэ өдөр Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, иргэддээ ойр, ил тод нээлттэй, хариуцлага, ёс зүй, сахилга баттай парламентыг төлөвшүүлэх үйлсэд тууштай зорин ажиллахаа илэрхийлж байна.
Нийтийн эрх ашгийг тугаа болгож, нийгмээ зөв хөгжилд хөтлөн дагуулсан, хариуцлагатай сайн парламентыг төлөвшүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэж буй Та бүхэнд Олон улсын парламентын өдрийн мэндийг дахин дэвшүүлье.
Эх сурвалж: parliament.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл