“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Энэ талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, тогтоолын төсөлд Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын тайланд дурдагдсан дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, нийтлэг болон давтан гарч байгаа алдаа, зөрчлийн бодит шалтгааныг судалж тэдгээрийг арилгах, цаашид давтан гаргахгүй байх, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагаа, засаглалыг сайжруулахтай холбоотой болон хууль эрх зүйн зохицуулалтын талаар санал боловсруулж танилцуулахыг Засгийн газарт даалгахаар тусгасан. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн олон жилийн насжилттай, зээлийн хугацаа хэтэрсэн болон найдваргүй болох эрсдэлтэй зээлийн авлагын үлдэгдлийг тодорхойлох асуудлаар төрийн аудитын байгууллага нь аудитын стандарт, холбогдох хууль тогтоомжийн нийцлийг хангаж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгасан гэдгийг онцолсон.

Тус дэд хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг 17 цагт явуулахаар тогтов. Хуралдаан үргэлжилж байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын …