Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Засгийн газар, нийслэлийн зүгээс баримталж байгаа бодлого чиглэл, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэх нийслэлийн зөвлөгөөн өнөөдөр /2026.07.06/ Төрийн ордонд болж байна.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон нийслэлийн 9 дүүрэг, 204 хорооны төлөөлөл оролцов.
“Чөлөөлье” үндэсний санаачилгаар нийслэлээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой 80 гаруй зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг зохион байгуулсан. Мөн зөвшөөрөл олгох шат дамжлагыг цөөлж, иргэдийг чирэгдэлгүй хурдан, хүртээмжтэй үйлчилгээ авах боломжоор хангаад байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн баримталж буй бодлого бол иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах юм. Хотын хөгжлийг зөвхөн барилга байгууламж, мега төслийн тоогоор хэмжихгүй, иргэдийн өдөр тутмын амьдралын чанар хэрхэн өөрчлөгдөж буйгаар хэмжинэ.
Бид хөгжлөөс хойш татдаг хандлага, хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлөгдөх шаардлагатай. Бид төрийн хэт оролцоог бууруулж, хувийн хэвшлийн хөгжих орон зайг чөлөөлнө. Төр бизнесийн өрсөлдөгч биш хөгжлийн түнш байх нь зүйтэй” гээд “Чөлөөлье” санаачилга нь нийслэлийн аж ахуй нэгж, иргэдэд эдийн засгийн боломж, эрх чөлөөг нээж, төрийн бүтээмжийг сайжруулж, хотын өрсөлдөх чадварыг сайжруулах бодит ажил болж хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлов.
Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл