Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа

Цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх үндэсний сүлжээ болох “Ногоон өртөө”-г Улаанбаатар хотын хэмжээнд үе шаттай ашиглалтад оруулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөө үйл ажиллагаа явуулж эхэллээ. Улаанбаатар хот 2026 онд 80, 2027 онд 210 цэнэглэгч станц буюу ногоон өртөө байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Иргэд ногоон өртөөнд 5-30 минутад цахилгаан машинаа бүрэн цэнэглэнэ. Мөн цахилгаан автобус цэнэглэх боломжтой.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр “Ногоон өртөө”-г танилцуулах үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.

Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 32.8 хувийг автомашинаас ялгарах бохирдол эзэлж байна. Тиймээс нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийг цэвэр эх үүсвэрт шилжүүлэх, цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжих, цэнэглэх дэд бүтцийг хүртээмжтэй болгох ажлыг үе шаттайгаар хийж байна. Өнөөдрийн байдлаар цахилгаан автомашиныг цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа. Төр, хувийн хэвшил хамтран энэхүү ажлыг хоёр сарын дотор шуурхай зохион байгууллаа.

Улаанбаатар хот 2026 онд 80, 2027 онд 210 цэнэглэгч станц ногоо өртөө байгуулахаар зорьж ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэх зорилт тавьсан. Ингэснээр ойролцоогоор 166 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулна гэж тооцоолж байна. Энэ нь 33 мянган янданг буулгасантай тэнцэх юм.

Дахин таатай мэдээ дуулгахад энэ онд нийслэл нийтийн тээврийн салбартаа 60 ногоон буюу цахилгаан автобусыг оруулж ирнэ. COP17 бага хурлын үеэр Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, ногоон шилжилтэд нэгдэх боломжтой нь харагдаж байна. Монгол Улсын засгийн газраас ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүчийг бодлогоор дэмжиж, эрх зүйн уян хатан зохицуулалтуудыг хийж өгч байна.

Өнөөдөр 32-ын тойргийн авто зогсоолд “Ногоон өртөө”-ний нэг байршлыг нэмж нээсэн бол цаашид “Ногоон өртөө” нь Улаанбаатар хот төдийгүй 21 аймгийн хэмжээнд үргэлжилнэ. Монгол Улсад цахилгаан тээвэр нь ногоон эдийн засаг, эрчим хүчний шилжилт, дотоодын бизнесийн шинэ салбар болон хөгжих бүрэн боломжтой байна” гэлээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын үеэр Улаанбаатар хот …