50 мянган цахилгаан автомашины хэрэглээнд 500 цэнэглэх станц шаардлагатай болж байна

 

Манай улс цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улс орон даяар 500 түргэн цэнэглэх станцын сүлжээ байгуулахаар ажиллаж байна. Засгийн газрын мэдээлснээр Монгол орны зам дагуу 150 километр тутамд нэг “Ногоон өртөө” байгуулах зорилт тавьжээ.

Нийслэлийн Засаг дарга, хотын Захирагч Б.Пүрэвдагва өчигдөр Улаанбаатар хотод бүртгэлтэй цахилгаан автомашины тоог 2030 он гэхэд 50 мянгад хүргэх зорилт тавьснаа мэдээлсэн байна. Түүний мэдээлснээр нийслэлд одоогоор 2000 орчим цахилгаан автомашин байгаа аж.

Цэнэглэх дэд бүтцийн хувьд 2026 онд 80, 2027 онд 210 “Ногоон өртөө” байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор нийслэлд 30 “Ногоон өртөө” ажиллаж эхэлсэн бөгөөд цэнэглэх хугацаа нь 5-30 минут байна.

Харин улсын хэмжээнд 500 түргэн цэнэглэх станцын сүлжээ байгуулах зорилт тавьж байгаа нь цахилгаан автомашины хэрэглээг зөвхөн нийслэлд бус, орон нутаг болон улс хоорондын авто замын хөдөлгөөнд нэвтрүүлэхэд чиглэж байна. Засгийн газрын мэдээлэлд энэ сүлжээг Монгол орны зам дагуух 150 километр тутмын зайд байгуулахаар төлөвлөсөн байна.

Мөн УИХ-ын 2025 оны арванхоёрдугаар сарын 26-нд баталсан тогтоолд 100 мянган цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтэц байгуулах санаачилгыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Уг бодлогод нийтийн болон хурдан цэнэглэх дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэртэй уялдуулах чиглэл багтжээ.

Цахилгаан автомашины тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ цэнэглэх станцын хүртээмж, цахилгаан хангамж, орон нутгийн зам дагуух сүлжээний найдвартай ажиллагааг зэрэг шийдвэрлэх шаардлага үүсэж байна. Ингэснээр цахилгаан автомашины хэрэглээг өсгөх бодлого нь автомашины тооноос гадна эрчим хүч, тээврийн дэд бүтцийн шинэ хэрэгцээг бий болгож байна.

Н. Энхтуул

Санал болгох мэдээ

“Лоро Пиана” компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд ноолуур болон нарийн ширхэгт түүхий эдээр урласан хувцас, бүтээгдэхүүнээрээ танигдсан …