УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсад хийсэн айлчлалын төгсгөлд Европын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий захирал Андрю МакДауэлтай уулзсан юм.
Ерөнхий захирал Андрю МакДауэл УИХ-ын даргатай уулзаж байгаадаа баяртай байна гээд, Монгол Улсын 2050 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг дэмжиж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа дуулгав.
Он жил өнгөрөх тусам харилцан ашигтай хамтын ажиллагаа бодитой төсөл хөтөлбөрүүдээр баяжиж эхэлж байгааг тэрбээр тэмдэглээд, дахин төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил зэргээс гадна 100 сая ам.долларын санхүүжилттэй ойн салбарыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр болсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт Европын хөрөнгө оруулалтын банктай Монгол Улс 2011 оноос хамтын ажиллагаа эхэлсэн ч Монгол Улсад төсөл хөтөлбөрүүдээрээ дамжуулан амьдралд тулгамдсан асуудлуудыг шийдэж байгаад иргэд талархаж буйг уламжилсан.
Тухайлбал, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хэрэгжин, утааны асуудал, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсныг онцолсон юм. Азийн хөгжлийн банктай төслийг хамтран хэрэгжүүлснээр төслүүд нь олон талын хяналттай, илүү үр өгөөжтэй байсныг УИХ-ын дарга онцолж байлаа.
Тэрбээр Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж, улс оронд нүүрлээд буй бэлчээрийн доройтол, усны хомсдол, агаарын бохирдлын асуудлыг олон улсын оролцоотойгоор шийдвэрлэн шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгааг тэмдэглэсэн. УИХ хаврын ээлжит чуулганаараа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг хаврын чуулганаар баталсан бөгөөд цаашид Ойн тухай, Усны тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай зэрэг байгаль орчныг хамгаалах, сэргээхэд чиглэсэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд буйг тодотгосон юм.
Уулзалтын үеэр Монгол Улсад оруулахаар төлөвлөж буй нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын асуудал, эрчим хүчний хангамжийн найдваргүй байдал, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон бусад асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, тус бүлгийн гишүүн М.Нарантуяа-Нара, Г.Тэмүүлэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов.
Үүгээр УИХ-ын даргын Люксембургийн Их Гүнт Улсад хийж буй албан ёсны айлчлал өндөрлөж, Бельгийн Хаант Улсад хийх айлчлал эхэлж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл