Ц.Идэрбат сайд “огцрох” болзлоо хангачихлаа…

Монгол Улс бол мал аж ахуйд түшиглэсэн орон. Тиймдээ ч 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн тунхагласан байдаг.

Гэтэл Үндсэн хуулиар төрийн хамгаалалтад байх ёстой үндэсний баялаг болсон мал сүрэг маань халдварт өвчинд нэрвэгдэж, хэдэн мянгаараа устгалд орж, малчны хот харлаж байна.

Ийм нөхцөлд хамгийн түрүүнд хариуцлага хүлээж, асуудлыг шийдвэрлэх ёстой хүн бол салбарын сайд.

Гэтэл ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат асуудлыг өөрөөсөө холдуулах байр суурь илэрхийлж, ямааны годрон өвчинтэй холбоотой асуудлыг “Маш хариуцлагагүй байдал болсон юм билээ. Тагнуул, Эрүүгийн цагдаад шалгуулахаар өгсөн”, “эзэн холбогдогч нь тодорхой байгаа” гэх агуулгаар тайлбарлаад сууж байх.

Мэдээж өвчний гарал үүсэл, халдвар тархсан шалтгаан, хэн ямар хариуцлага хүлээхийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Гэхдээ энд нэг энгийн асуулт байна. Салбарын сайд нь хариуцлагагүй байдал болсон юм билээ гээд сууж байх ёстой бил үү…

Хууль хяналтын байгууллага буруутныг тогтоох хүртэл салбарын сайд ямар хариуцлага хүлээх вэ?

Сайд хүн зөвхөн “эзэн холбогдогч”-ийг хайдаг албан тушаалтан биш. Харин өөрийн хариуцсан салбарын бодлого, хяналт, урьдчилан сэргийлэлт, эрсдэлийн менежмент ажилласан эсэхэд улс төрийн хариуцлага хүлээдэг хүн.

Хилээр ямар хяналттайгаар мал оруулж ирэв?

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буйгаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хөрөнгө, малын үүлдэр угсааг сайжруулах нэрийн дор гадаадаас эцэг мал буюу ухна оруулж ирсэнтэй холбоотой асуудал яригдаж байна.

Тэдгээр малд шаардлагатай эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, баталгаажуулалт хангалттай хийгдсэн эсэх, хилээр нэвтрүүлэх үеийн хяналт ямар байсан, цаашлаад Монголын нутаг дэвсгэрт орж ирсний дараа хаана, хэрхэн байршуулж, ямар хяналтад байлгасан зэрэг олон асуулт хариултгүй үлдэж байна.

Хэрэв ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн шаардлага хангаагүй мал хилээр нэвтэрсэн бол энэ нь зөвхөн нэг хүний буруугаар тайлбарлагдах асуудал биш.

Хил, хорио цээр, мал эмнэлэг, импортын зөвшөөрөл, хяналт, бүртгэл, тээвэрлэлт, цаашдын түгээлт гээд бүхэл бүтэн тогтолцооны асуудал яригдана.

Бүр цаашлаад хилээр орж ирсэн эцэг малыг цахим орчинд мэргэжлийн байгууллагйн хараа хяналтгүй чөлөөтэй худалдан борлуулж, түүнийг нь малчид худалдан авч сүрэгтээ нийлүүлсэн гэх мэдээлэл үнэн бол төрийн хяналт хаана байсан бэ гэсэн асуулт зайлшгүй тавигдана.

Өвчин гарсны дараа биш, гарахаас нь өмнө төр ажиллах ёстой

2026 оны аравдугаар сарын 2-ны байдлаар Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сумдад 20 гаруй өрхийн 16 мянга гаруй мал годрон өвчнөөр өвчилж, 3000 гаруй ямааг устгалд оруулсан гэх мэдээлэл байна.

Мөн Төв аймгийн Алтанбулаг суманд годрон өвчин бүртгэгдэж, 740 гаруй ямааг устгалд оруулсан гэх мэдээлэл гарчээ. Энэ бол зүгээр нэг статистик тоо биш.

Тэр 3000, 740 гэдэг тоо бүрийн цаана малчин өрхийн амьдрал, орлого, олон жилийн хөдөлмөр бий.

Малчин хүн нэг ямаагаа өсгөж үржүүлэхийн тулд хэдэн жил хөдөлмөрлөдөг билээ. Харин өвчин гарсны дараа хэдхэн цаг, хэдхэн хоногийн дотор сүргийг нь устгалд оруулах нөхцөл үүсэж байна.

Тиймээс асуудал зөвхөн “хэн өвчин тараасан бэ?” гэдгээр дуусахгүй.

Яагаад урьдчилан сэргийлж чадаагүй вэ?

Яагаад импортын малд тавих хяналт хангалттай байсангүй вэ?

Яагаад өвчнийг эрт илрүүлж, тархалтыг зогсоож чадсангүй вэ?

Яагаад малчдын хот хүрэхээс өмнө төрийн хяналтын тогтолцоо ажилласангүй вэ?

Эдгээр асуултын хариуг салбарын сайд өгөх ёстой.

Сайд асуудлын эзнийг хайхаас өмнө өөрийн хариуцлагыг ярих учиртай

Төрийн сайд гэдэг албан тушаал бол зөвхөн сайн мэдээний эзэн байж, муу мэдээ гарахад буруутныг өөр газраас хайдаг албан тушаал биш.

Хэрэв салбарын бодлого зөв байсан бол тайлбарлах хэрэгтэй.

Хэрэв хяналт тавьж ажилласан бол баримтаар харуулах хэрэгтэй.

Хэрэв холбогдох албан тушаалтнууд үүргээ биелүүлээгүй бол тэдэнд хариуцлага тооцох хэрэгтэй.

Хэрэв сайдын удирдлага дор ажилладаг байгууллагуудын хяналт сул байсан бол улс төрийн хариуцлагаа өөрөө ярих хэрэгтэй.

Харин “Тагнуул, цагдаагаар шалгуулж байгаа”, “эзэн холбогдогч нь тодорхой” гэдгээр бүх асуудлыг хаах боломжгүй.

Учир нь хууль хяналтын байгууллага гэм буруутай этгээдийг тогтооно.

Харин сайд салбарынхаа бодлого, удирдлага, хяналтын тогтолцооны төлөө улс төрийн хариуцлага хүлээнэ.

Монгол Улсын Үндсэн хуульд мал сүргийг үндэсний баялаг хэмээн тодорхойлж, төрийн хамгаалалтад байхаар заасан нь учиртай.

Гэтэл үндэсний баялаг болсон мал сүрэг гоц халдварт өвчинд нэрвэгдэж, олон мянгаараа устгалд орж, малчдын амьжиргаа хохирч байхад салбарын сайд хариуцлагаас өөрийгөө тусгаарласан байр суурьтай харагдаж байгаа нь төрийн бодлогын хэрэгжилтийн талаар ноцтой асуулт үүсгэж байна.

Сайд хүн бүх өвчнийг ганцаараа зогсоож чадахгүй нь үнэн ч, эрсдэлийг урьдчилан тооцох, хяналтын тогтолцоог ажиллуулах, холбогдох байгууллагуудыг үүрэгжүүлэх, өвчин гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, шаардлагатай бол алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэгтэй.

Энэ бүхнийг хийж чадахгүй бол эцсийн улс төрийн хариуцлага салбарын сайд дээр ирнэ. Тиймээс Ц.Идэрбат сайд одоо “хэн буруутай вэ?” гэдгээс гадна “миний хариуцсан салбарын тогтолцоо яагаад ийм байдалд хүрэв?” гэдэг асуултад хариулах цаг болжээ.

Хэрэв салбарын сайд хариуцсан ажлынхаа үндсэн үүргийг хэрэгжүүлж чадаагүй нь тогтоогдож, малын халдварт өвчний тархалтыг урьдчилан сэргийлэх, хяналт тавих тогтолцоо доголдсон нь бодит баримтаар нотлогдвол улс төрийн хариуцлага хүлээж огцрох ёстой.

Үндэсний баялаг болсон мал сүргээ хамгаалж чадахгүй бол салбарын сайд байх ямар хэрэг байна вэ?

Тиймээс Ерөнхий сайд Н.Учралд хандаж хэлэхэд: Малчдын хот харлаж, үндэсний баялаг болсон мал сүрэг олноороо устгалд орж байгаа энэ нөхцөлд асуудлыг зөвхөн хууль хяналтын байгууллагад шилжүүлээд өнгөрөх бус, салбарын бодлого, хяналт, удирдлагын алдаа гарсан эсэхэд улс төрийн хариуцлага тооцох шаардлагатай.

Хэрэв Ц.Идэрбат сайд хариуцсан салбарынхаа өмнө хүлээсэн үүргийг биелүүлж чадаагүй нь тогтоогдвол түүнийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд нэн даруй авч үзэх ёстой.

Учир нь мал сүрэг бол зүгээр нэг өмч биш. Үндсэн хуулиар “төрийн хамгаалалтад байна” гэж заасан Монгол Улсын үндэсний баялаг юм.

Ц.Мөнх

Эх сурвалж: Amlalt.mn

Санал болгох мэдээ

Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

​Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд “Хятад орныг …