УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж болон нэр бүхий гишүүд Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Авилгатай тэмцэх газар нь орон нутагт бүтцийн салбар нэгжгүй байгууллага юм. Хөдөө орон нутагт авилгын эсрэг үйл ажиллагааг тодорхой бодлого төлөвлөгөөтэй явуулах, ялангуяа орон нутгийн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын авилгатай тэмцэх үйл ажиллагааг идэвхижүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгаа боловч хүний нөөц, санхүүгийн боломжоос шалтгаалан аймаг сумдад хүрч ажиллахад хүндрэл бэрхшээл гарч байгаа талаар төсөл санаачлагч тайлбарлаад, Авилгатай тэмцэх байгууллагын салбар, нэгжийг орон нутагт байгуулахтай холбогдуулан Авилгатай тэмцэх газрыг Авилгатай тэмцэх ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулахаар хуулийн төсөлд тусгасан тухай дуулгалаа.
Бусад олон улсын жишгээс харахад Авилгатай тэмцэх байгууллага нь олон нийтийн хяналтын зөвлөлтэй, орон нутагтаа салбар, нэгжтэйгээр, ихэвчлэн “хороо”–ны зохион байгуулалттай ажилладаг байна. Харин Монгол Улсын улсын тухайд гол төлөв хороо, зөвлөлийн зохион байгуулалттай байна гэдгийг ч хэлсэн. Мөн хоёр хөрш орныг оролцуулан Азийн 18 улсын Авилгатай тэмцэх байгууллагын нэр, зохион байгуулалтын бүтцийг судалж үзэхэд хороо найм, товчоо дөрөв, агентлаг гурав, Үндэсний газар, алба, зөвлөл тус бүр нэг байгааг дурдав.