АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.11.11) хуралдаан 12.01 цагт Улсын Их Хурлын 15 гишүүн хүрэлцэн ирснээр 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хуралдааныг даргаллаа. Тэрбээр гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсны дараа нэг асуудал хэлэлцэхээр товлосныг гишүүдэд дуулгав.

Screen Shot 2026-11-11 at 13.19.08.png

Засгийн газраас улсын нөөцийн удирдлага, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, гамшгийн үеийн бэлэн байдал, шуурхай ажиллах чадавхыг бэхжүүлэх зорилгоор боловсруулан 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр танилцуулав.

photo_2026-11-11_13-21-17 (7).jpg

Дэлхий дахинд тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл нь болзошгүй эрсдэлд бэлэн байх, нөөцийн хүрэлцээ, хүртээмжийг хангах шаардлагыг нэмэгдүүлж байгааг тэрбээр дурдав. Үүний зэрэгцээ геополитикийн хурцадмал байдал, зэвсэгт мөргөлдөөн, худалдаа, тээврийн хязгаарлалт нь олон улсын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах, хүнс, түлш, эрчим хүч болон бусад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн огцом өсөлт үүсгэх эрсдэлтэй байгаа гэлээ. Далайд гарцгүй, импортын хангамж, хил дамнасан тээврээс хамааралтай Монгол Улсын хувьд эдгээр эрсдэлийг стратегийн болон гамшгийн нөөцийн бодлого, төлөвлөлтөд цогцоор нь тусгах шаардлагатай байгаа гэв. Иймд нөөц бүрдүүлэх, хадгалах, сэлгэх, хуваарилах үйл ажиллагааг эрсдэлийн үнэлгээ, хэрэгцээний тооцоонд үндэслэн төлөвлөж, нэгдсэн цахим бүртгэл, хяналттай, шуурхай зохицуулалт бүхий тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан Засгийн газар хуулийн төслийн үзэл баримтлалд дэвшүүлсэн 7 үндсэн зорилтын хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгажээ.

Орон нутгийн нөөцийн удирдлага, хяналтын тогтолцоог тодорхой болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Өмнө нь гамшиг, онцгой нөхцөлийн үед шаардлагатай тусламжийг шууд улсын нөөцөөс гаргадаг байсан нь орон нутгийн түвшинд нөөц бүрдүүлэх, бие даан ажиллах хөшүүргийг сулруулж ирсэн байна. Иймд орон нутгийн нөөцийн эрх зүйн тодорхойлолтыг шинэчлэн томьёолж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар өөрийн нутаг дэвсгэрт нөөц бүрдүүлэх, хадгалах, зарцуулах, нөхөн бүрдүүлэх чиг үүрэг, оролцоо, хяналтын механизмыг хуулиар нарийвчлан баталгаажуулах холбогдох зохицуулалтыг тусгажээ.

photo_2026-11-11_13-21-17 (3).jpg

Хоёрдугаарт, нөөцийн хэрэгцээг тодорхойлоход мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах хүрээнд дараах өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, стратегийн болон гамшгийн нөөцийн байршил, нэр төрөл, тоо хэмжээг тогтооход эдийн засаг, санхүү, төсвийн бодит тооцоолол дутагдаж байсан бөгөөд цаашид нөөцийн хэрэгцээг төлөвлөхдөө холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран ажиллах, эрсдэлийн удирдлагад суурилсан эрх зүйн үндсийг бий болгож, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг Н.Номтойбаяр сайд танилцуулав.

Гуравдугаарт, нөөцийн нэгдсэн мэдээллийн сан, цахим удирдлагыг нэвтрүүлэх хүрээнд улсын хэмжээнд стратегийн, гамшгийн болон орон нутгийн нөөцийн бараа, материалын мэдээллийг гамшгийн мэдээллийн санд нэгтгэж, төрийн болон албаны нууцын хамгаалалттай уялдсанаар нөөцийн аюулгүй байдал, ил тод байдал бүрэн хангах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ингэснээр улсын нөөцийн чанар, хүрэлцээнд бодит цагийн горимд хяналт тавих боломж бүрдэх аж.

photo_2026-11-11_13-21-16.jpg

Дөрөвдүгээрт, агуулахын дэд бүтэц, санхүүжилтийн механизмыг шинэчлэх хүрээнд насжилт нь нэмэгдэж, хадгалалтын горим алдагдах эрсдэл үүсээд буй нөөцийн агуулахуудын дэд бүтцийг сайжруулах зорилгоор шинээр барих, өргөтгөх, засвар үйлчилгээ хийх зардлыг улсын төсвөөс гадна төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн орчныг бий болгохоор холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ. Түүнчлэн агуулахын ашиглагдаагүй сул багтаамжийг түрээслэх замаар орлого бүрдүүлж, дэд бүтцээ зах зээлийн зарчмаар хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Тавдугаарт, бараа материалыг сэлгэх үйл ажиллагааг технологижуулах хүрээнд нөөцийн барааг сэлгэх үйл ажиллагааг зөвхөн механик байдлаар “байршил солих, зөөх” төдийхнөөр хязгаарладаг байсан өнөөгийн практикийг халж, хадгалалтын чанар, стандартыг алдагдуулахгүйгээр технологийн горимын дагуу сэлгэх, шинэчлэх зохицуулалтыг тусгасан гэв.

Зургадугаарт, гамшгийн үеийн шийдвэр гаргах ажиллагааг шуурхай болгох хүрээнд гамшиг, ослын онцгой нөхцөл байдал, голомтын бүсэд нэн шаардлагатай нөөцийн бараа, материалыг гаргахад цаг хугацаа алддаг хүндрэлийг арилгаж, Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр шуурхай гаргах эрх зүйн механизмыг бүрдүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, гамшгийн нөхцөлийг хохирол багатай даван туулах боломжийг олгохоор холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан гэв.

photo_2026-11-11_13-21-17 (9).jpg

Долдугаарт, хууль тогтоомжийн нийцэл, хэл зүйн найруулгыг сайжруулах хүрээнд Гамшгаас хамгаалах тухай, Төсвийн тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжтой уялдуулан нийцүүлж, хэл зүй, найруулгын хувьд ойлгомжгүй, зөрчилтэй заалтуудыг цэгцэлж, эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон гэв.

Энэхүү хуулийн төсөл нь одоогийн үйлчилж буй хуулийн хийдлийг нөхөж, төрийн болон орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодит бөгөөд хэрэгжихүйц суурь өөрчлөлтүүдийг агуулсан хэмээн Монгол Улсын Шадар сайд онцоллоо. Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар улсын нөөцийн бэлэн байдал, шуурхай байдал, хариуцлагын тогтолцоог шинэ шатанд гаргах өндөр үр нөлөө, ач холбогдолтой болохыг мөн тодотгосон юм.

photo_2026-11-11_13-21-17 (6).jpgphoto_2026-11-11_13-21-17 (8).jpg

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Д.Бум-Очир, Д.Цогтбаатар нар асуулт асууж, Шадар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Гамшиг, зуд зэрэг онцгой нөхцөл үүсэхэд орон нутгийн нөөцийг цаг алдалгүй ашиглах боломжийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгааг Г.Хосбаяр гишүүн дурдаад, улсын нөөц бүрдүүлэхэд төсвөөс олгож буй санхүүжилтийн зарцуулалт, төр-хувийн хэвшлийн оролцоо, нөөцийн хөрөнгийн эргэлт, орлогын төвлөрлийн талаарх мэдээллийг тодруулсан. Хуулийн төсөл нь нөөцийн бараа материалыг шуурхай шийдвэрлэж, орон нутагт хүргэх үйл ажиллагааг хөнгөвчилж, үр нөлөөг дээшлүүлэх бол дэмжиж байгаагаа илэрхийллээ. Геополитикийн эрсдэл, гамшгийн нөхцөл байдал өсөн нэмэгдэж буй өнөө үед улсын нөөцийн удирдлага, ашиглалтыг илүү шуурхай, уян хатан болгох зохицуулалтыг тусгасан уг хуулийн төслийг цагаа олсон, шаардлагатай арга хэмжээ хэмээн үзэж, Д.Бум-Очир гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Д.Цогтбаатар гишүүн төслийг дэмжиж байгаа илэрхийлээд, хууль хоорондын нийцэл хангагдаж буй эсэхийг нягталсан талаар лавлаж, ажлын хэсгээс хариулт авсан.

photo_2026-11-11_13-21-17 (12).jpgphoto_2026-11-11_13-21-17 (11).jpg

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлсэн гишүүдийн олонх нь гамшиг, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд улсын нөөцийн тогтолцоо, бэлэн байдлыг бэхжүүлэх хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа хэмээгээд, орон нутгийн эрх мэдэл, нөөцийн удирдлага, төр-хувийн хэвшлийн оролцоо болон үндэсний аюулгүй байдлын бодлоготой уялдуулах асуудлыг илүү тодорхой болгох шаардлагатайг онцолж байсан. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, Л.Мөнхбаясгалан, Э.Болормаа, Ж.Энхбаяр нар ийнхүү үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа.

photo_2026-11-11_13-21-17 (10).jpgScreen Shot 2026-11-11 at 13.41.22.png

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 57.9 хувь нь Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

Улсын Их Хурлын Соёл, спорт, залуучуудын дэд хорооны өнөөдөр (2026.11.09) хуралдаан 14.30 цагт эхэлж, Залуучуудын …