НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан өнөөдөр (2026.11.11) НҮБ-ын Хүн амын сан (UNFPA)-гийн Монгол Улс болон БНХАУ-ыг хариуцсан захирал, хатагтай Надиа Рашийдийг хүлээн авч уулзлаа.

Тус сангаас Монгол Улсын Засгийн газар болон Үндэсний статистикийн хороотой хамтран “Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээ”-г хийж, урьдчилсан дүнг танилцуулаад байгаа юм. Уг үнэлгээгээр, Монгол Улсын хүн амд эзлэх 65 ба түүнээс дээш насны иргэдийн эзлэх хувь 2055 онд 15.3 хувь болж одоогийнхоос гурав дахин нэмэгдэх төлөв тогтоогдсон байна. Энэ нь тэтгэврийн зардлыг 70 гаруй хувиар нэмэгдүүлэх тооцоо гарч буй юм.

2026-11-11 15.08.47.jpg

Монгол Улсын хүн амын чухал асуудлууд, тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмэгтэйчүүд, залуучуудыг дэмжих чиглэлээр тууштай хамтран ажилладагт нь тус санд талархаж явдгаа Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан илэрхийлээд, хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлоход дээрх үнэлгээ чухал болохыг онцлов. Үнэлгээнд тулгуурлан тэтгэврийн болон нийгмийн хамгааллын шинэчлэл, асрах үйлчилгээ, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боддлого, төлөвлөлтөд тодорхой стратеги тусгаж ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийллээ.

2026-11-11 15.09.15.jpg

Хатагтай Надиа Рашийд Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагааны хүрээ олон талаар нийцэх учир үнэлгээнд үндэслэн Байнгын хорооноос гарах санал, зөвлөмж, тэргүүлэх чиглэлүүдэд суурилж, нягт хамтран ажиллахыг зорьж буйгаа хэлсэн юм. Дэлхий дахинд нөхөн үржихүйн асуудал эмзэг болж буйг тэрбээр танилцуулж, Монгол Улсад ч мөнхүү төрөлт буурах, энэ талын эрүүл мэндийн байдал муудах хандлага ажиглагдсаныг дурдав. Иймд энэ чиглэлээр болон өсвөр насны охидын жирэмслэлт, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэгт анхаарал хандуулж, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн идэвхтэй дэмжлэгтэйгээр үр дүнтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

2026-11-11 15.09.07.jpg

Жендэрийн тэгш байдлыг хангах талаар зөвхөн эмэгтэйчүүдийн идэвхийг өрнүүлэх нь учир дутагдалтайг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан өгүүлж, парламентын нийт гишүүдийн манлайллыг хангах, хүн ам дахь эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудлуудад анхаарах шаардлага байгааг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа холбогдох хууль тогтоомжид …