Д.Цогтбаатар: Сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид өөрсдөө эрхийнхээ төлөө тэмцэхгүй юм бол хэн ч тэдний төлөө дуугарахгүй

​Монголын сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга асан Д.Цогтбаатартай уулзаж, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрх, аюулгүй байдал, салбарын хууль эрх зүйн орчны тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц, салбар хариуцсан дэд ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Ц.Мөнхбаатар, У.Уранцэцэг, Б.Баяртулга, “Глоб Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Онон, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн Э.Энэрэл, ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга, “СИХҮТ” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Б.Дуламхорлоо, Канадын “Хууль ба ардчилал” төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел оролцов.

​

Монгол Улсад сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, сэтгүүлчдийн эрхийг зөрчих, үндэслэлгүйгээр баривчлах, цагдан хорих, эрүүгийн хуулиар хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлах зэрэг асуудлаар нэгдсэн байр суурь илэрхийлж, хамтран ажиллах Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах үндэсний сүлжээг бүрдүүлж буй нь салбарын хамтын ажиллагааны чухал алхам болж байна.

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХҮСЭВ

​

Уулзалтын эхэнд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:

“Хэвлэлийн эрх чөлөөний орчныг боловсронгуй болгох зэрэг олон асуудлаар бидний үйл ажиллагааг дэмжин оролцоно гэж итгэж хандаж байгаа УИХ-ын гишүүдийн нэг бол та. Сүүлийн хагас жилийн хугацаанд хэвлэл мэдээлэлтэй холбоотой хурц асуудлууд өрнөж байна. Хууль эрх зүйн орчин тодорхойгүй байгаагаас сэтгүүлчдийн эрх зүйн байдалд ойлгомжгүй, хүндрэлтэй нөхцөл үүсэж байна. Тантай салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцож, дэмжлэг авах хүсэлтэй байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

​

Канадын “Хууль ба ардчилал” төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел сэтгүүлчийн эх сурвалжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг зөвхөн тунхагийн шинжтэй байлгах бус, технологийн хурдацтай хөгжлийн өнөө үед бодитой хамгаалалт бий болгох шаардлагатайг онцолж, энэ чиглэлд анхаарч ажиллахыг хүсэв.

“Глоб Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Онон дараах асуудлуудад УИХ-ын гишүүний дэмжлэг хүссэн юм. Үүнд:

* Эрүүгийн хуульд гүтгэх гэмт хэргийг буцаан оруулах санаачилгыг зогсоох;

* ЮНЕСКО-гийн Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах үндэсний механизмыг Монгол Улсад хэрэгжүүлэх;

* Хэвлэлийн эрх чөлөөний багц хуулийг батлуулах;

* Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг шүүхийн ажиллагааг урвуулан ашиглах замаар залхаан цээрлүүлэх SLAPP нэхэмжлэлээс хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болгох;

* Эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ НҮБ болон олон улсын өмнө хүлээсэн үүрэг, олон улсын стандартыг баримтлах.

Д.ЦОГТБААТАР: ЭРХ ЧӨЛӨӨНИЙ НЭРТЭЙ ХУУЛЬД ЭРХ ЧӨЛӨӨГ ХЯЗГААРЛАХ ЗААЛТ БАЙХААС ЭМЭЭЖ БАЙНА

​

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах асуудалд зөвхөн хууль батлах бус, Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөг бодитой хамгаалах нь чухал гэдгийг онцоллоо.

Тэрбээр “Хууль гаргаснаар бүх зүйл сайжирчихна, баталгаажна гэсэн үг биш гэдгийг ойлгоорой. Ялангуяа хэвлэлийн эрх чөлөөний асуудалд. Монгол Улсын Үндсэн хуульд хэвлэн нийтлэх эрх чөлөөний тухай тодорхой заасан байдаг. Тэгвэл Үндсэн хуульд заасан хэвлэн нийтлэх эрх чөлөөг тодотгоно гээд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлахаар эрх чөлөөг хязгаарлах заалтууд дагалдан орж ирэх вий гэж эмээж байна.

Гэхдээ нэгэнт төсөл боловсруулагдаж байгаа учраас яаж сайжруулах вэ гэдэг дээр саналаа солилцоод хамтраад ажиллахад бэлэн байна.

Миний хувьд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамцад талархал илэрхийлье. Саяхан сэтгүүлч Шинэбаярыг хоригдоход Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хэрхэн дуугарах бол гэж харж байсан. Танай байгууллага хатуу эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж байна лээ. Ингэж дуугарахгүй бол сэтгүүлчдийг хорьдог байдал зогсохгүй.

Сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид өөрсдөө эрхийнхээ төлөө тэмцэхгүй юм бол хэн ч тэдний төлөө дуугарахгүй.

Хуульд байгаа сэтгүүлчийг дэмжсэн заалтыг нэг нэгээр нь өөрчилсөөр, нэг мэдэхэд хэвлэлийн орчныг бүхэлд нь өөрчилсөн байх болно гэдэгт анхаарах ёстой.

SLAPP-тай холбоотой асуудалд санал нэг байна. Би Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Ноорогийн асуудлаар байнгын хороон дээр сонсгол явуулсан. Ямар үндэслэлээр тэднийг буруутгасныг төрийн байгууллагын албан хаагчдаас сонсох, үүний цаана бид Үндсэн хуультай, төр нь иргэдийнхээ дээр биш, иргэд нь төрийн эрх мэдлийн эх сурвалж байдаг улс шүү гэдгийг олон нийтэд хүргэхийг зорьсон.

Төр хүчирхэгжих тусам эрх мэдлээ хамгаалахын төлөө оролдлого хийдэг. Тиймээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд бодлогоо нэгтгэж, нэгдсэн байр суурьтай ажиллах нь чухал. Та бүхэнтэй аль ч чиглэлээр хамтран ажиллаж, дэмжээд явах болно” гэв.

Уулзалтын үеэр хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцож, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар салбарын төлөөлөлтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах нь зөвхөн мэргэжлийн байгууллагын асуудал биш. Энэ бол иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, ардчиллын баталгааг хамгаалах нийтлэг үүрэг юм.

Ц.Мөнх

Ugluu.mn

​

Санал болгох мэдээ

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа холбогдох хууль тогтоомжид …