Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.11.20/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Хуулийн төсөл нь иргэн рүү чиглэсэн үйлчилгээг хүргэхэд шат ахих боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд техник технологийн дэвшлийг ашиглан иргэд гэрээ хэлцэл, итгэмжлэл, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх зэрэг нотариатын үйлчилгээг гадаад, дотоодод байгаагаас үл хамааран цахим орчинд зайнаас авах шинэ төрлийн үйлчилгээг бий болгож байна гэдгийг салбарын сайд хэллээ.

5.jpg

Мөн тэрбээр хуулийн төсөлд нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдэд ээлттэй бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан гэрээслэл, өв залгамжлал, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нотариатын үйлдлээс бусад үйлдэл хийлгэхэд нотариатын үйлчилгээний хөлсийг хөнгөлөх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэрч, хохирогч, зарим хүнд гэмт хэргийн хохирогч, төлбөрийн чадваргүй зэрэг иргэдийг хууль зүйн туслалцаа авахтай холбогдуулан итгэмжлэл гэрчлэх, баримт бичгийн хуулбар гэрчлэх нотариатын үйлдэл хийлгэхэд үйлчилгээний хөлс, зардлаас чөлөөлөх онцлох зохицуулалтыг тусгасан гэв.

8.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга энэ үеэр иргэд нотариатын үйлчилгээ авах гэж аль нэг газрын үүдэнд суух бус, гэрээсээ гар утаснаасаа үйлчилгээ авах болсон нь чухал гэдгийг тэмдэглээд, ялангуяа алслагдсан баг, сумдад амьдарч буй иргэдэд технологийн давуу талуудыг ашигласан үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг онцолж байлаа.

1.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлж буй нотариатын үйлчилгээ иргэн, хуулийн этгээдэд илүү ойртох, үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал нэмэгдэх, зорилтот бүлгийн иргэдэд нотариатын үйлчилгээ авах боломж сайжран, төрөөс иргэнийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах боломж нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв …