Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр, НИТХ-ын төлөөлөгчдийн хамт өнөөдөр /2026.11.17/ нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал хариуцсан нийгмийн ажилтнуудыг хүлээн авч уулзан, ажиллах нөхцөлийг нь дэмжих зорилгоор зарим тоног төхөөрөмж гардуулан өглөө.

Арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Б.Сэмжидмаа, Д.Наянбаяр, Д.Отгонсүрэн, Ү.Оюунзул, Ч.Батзориг, Л.Хосбаяр, Б.Ану-Үжин, Э.Одонтуяа, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Оюу-Эрдэнэ нар оролцлоо.

Уулзалтын үеэр, НИТХ-ын дарга Д.Ихбаяр хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд өсөж, хөгжих нөхцөлөөр хангах нь нийгмийн хамгийн чухал зорилтын нэг гэдгийг онцоллоо. Тэрбээр, НИТХ-аас хүүхэд хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч, энэ чиглэлээр төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэж буй нийгмийн ажилтнуудын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэв.

Мөн цаашид хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэл болон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн төлөө – ЗА БОЛ ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байна. Хөдөлгөөний зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэл болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох …