Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эх хэл-Нэг Монгол” үндэсний зөвлөгөөн Төрийн ордонд болж байна.
Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын боловсролын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн арга зүйг шинэчлэх, эх хэлний хэрэглээ, үндэсний соёлын өвийг хойч үедээ өвлүүлэх бодлогын асуудлыг хэлэлцэх тус зөвлөгөөнд улс орны өнцөг булан бүрээс эрдэмтэн судлаач, хэл шинжлэл, утга зохиолын төлөөлөл, бүх шатны боловсролын байгууллагын багш нар оролцож байгаа юм
Зөвлөгөөнийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан нээж хэлэхдээ, “Монгол хэл, бичиг, утга зохиолын үнэт өвийг хамгаалан хөгжүүлэхэд эрдэмтэн судлаач, багш нарын үүрэг, оролцоо чухал болохыг онцолж, орон нутаг, бүсийн зөвлөгөөнүүдээс гарсан багш нарын санал, санаачилга, бодит туршлагыг төрийн бодлогод тусган ажиллана. Эх хэлний чадамж гэдэг нь зөвхөн зөв бичих, хурдан унших төдий ойлголт биш. Харин уншсан мэдээллээ ойлгох, задлан шинжлэх, дүгнэлт хийх, мэдлэгээ амьдралдаа хэрэглэх, өөрийн бодол санааг тодорхой илэрхийлэх чадвар юм. Уншиж ойлгох чадвар нь хүүхэд, залуусын цаашдын боловсрол, ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт, орлого, бүтээмжид шууд нөлөөлдөг. Олон улсын судалгаагаар тогтмол уншиж, ойлгосноо хэрэглэж чаддаг хүний нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 6 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой. Мөн 2026 оны есдүгээр сард Кембрижийн их сургуулийн тархи судлалын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтмол унших нь тархины бүтэц, үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж, танин мэдэхүйн чадвар буурахаас сэргийлэх чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
Монгол Улсын 15 настай гурван хүүхэд тутмын хоёр нь ПИСА-гийн 2022, 2025 оны үнэлгээгээр уншиж ойлгох суурь түвшинд хүрээгүй байна. Энэ нь хүүхдүүд уншсан мэдээллийнхээ гол санааг ойлгох, мэдлэгээ хичээл болон амьдралдаа хэрэглэх, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах чадвар хангалтгүй байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн хот, хөдөөгийн хүүхдүүдийн уншиж ойлгох чадварын үзүүлэлтэд 2.1 жилийн зөрүү байгаа нь ном, хэвлэлийн хүртээмж, суралцах орчны ялгааг бууруулах шаардлагатайг харуулсныг онцоллоо. “ПИСА-2025” үнэлгээний үр дүнг танилцуулах үеэр Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас хүүхдүүдийн уншиж ойлгох чадвар шаардлагатай түвшинд хүрсэн тохиолдолд Монгол Улсын эдийн засагт уул уурхай, газрын баялгаас үл хамаарах 177 тэрбум ам.долларын үр өгөөж бий болгох боломжтойг дурдлаа.
Боловсролын салбарт хэрэгжүүлж буй зургаан шинэчлэлийн цөмд эх хэлний боловсрол, хүүхдийн уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх асуудлыг тусгажээ. Ингэхдээ,
-Монгол Улсын иргэдийн унших, уншсанаа ойлгох, амьдралдаа хэрэглэх чадварыг олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (OECD)-тай хамтран PIAAC үнэлгээгээр оношилж, чадварын хоцрогдол аль нас, боловсролын түвшнээс эхэлж байгааг тогтооно.
-Сургуулийн өмнөх боловсролоос эхлэн сонсож ойлгох, үгийн сангаа баяжуулах, ойлгосноо илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ.
-Бага боловсролд унших, уншсанаа ойлгох, тайлбарлах чадварыг төлөвшүүлж, дунд болон ахлах ангид мэдээлэлд дүн шинжилгээ хийх, эх сурвалжийг үнэлэх, нотолгоонд тулгуурлан дүгнэлт хийх, бүтээлчээр бичих чадварыг хөгжүүлнэ.
-2027 онд сурах бичгийн бодлого, тогтолцоонд шинэчлэл хийж, хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжил, суралцах хэрэгцээнд нийцсэн чанартай эх, хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
-Хүүхэд бүрийг өөрийн сонирхолд нийцсэн номтой, номын сантай, унших цагтай болгох, сургууль, цэцэрлэгт унших орчныг бүрдүүлэхэд анхаарна.
-Казах, Тува хэлний боловсролын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг хүртээмжтэй болгож, үндэсний цөөнхийн хүүхдүүдэд хүргэнэ.
-Монгол хэлний сургалтад ашиглах боломжтой 700 гаруй ном, сурах бичиг, эхийг судлахад 200 гаруй нь шаардлага хангаагүй гэж үзсэн байна. Иймээс сургалтын агуулга, чанарт нийцсэн ном, хэвлэлийн сонголтыг сайжруулах шаардлагатайг онцоллоо.
Мөн 2027 оны хавар элсэлтийн шалгалтад SAT үнэлгээг турших бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд монгол хэлний дүрэм мэдэхээс гадна эх хэлний чадвараа ашиглан бусад шинжлэх ухааны чиглэлээр амжилттай суралцахад шаардлагатай ур чадварыг үнэлэхээр төлөвлөжээ.
Энэхүү чуулга уулзалтын үеэр хүүхдийн унших чадварыг хөгжүүлж, тогтмол унших дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Уншдаг хүүхэд-Сэтгэдэг Монгол” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэх саналыг дэвшүүллээ. Энэ хүрээнд хүүхдийн унших чадварыг бага наснаас нь тогтмол оношлох, хоцрогдлыг эрт илрүүлж дэмжлэг үзүүлэх, сургуулийн номын санг идэвхтэй ажиллуулах, хэлэлцэх, судлах орчин болгон хөгжүүлэх, гэр бүлийн уншлагын соёлыг дэмжих ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах аж. Үүний зэрэгцээ монгол хэлний цахим сан, үндэсний бичгийн технологи, зөв бичих болон хэл найруулгын туслах систем, кирилл болон монгол бичгийн хөрвүүлэг, яриа таних, орчуулгын технологийг хөгжүүлж, хиймэл оюун ухааны орчинд монгол хэлний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарах юм байна.
Amlalt.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл


