Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 10120 санал, хүсэлт, гомдол иржээ.
Өнөөдрийн байдлаар гомдол, хүсэлтийн 9343 буюу 92.3 хувийг шийдвэрлээд байна. Нийт бүртгэлийн 61 хувийг гомдол, 30 хувийг хүсэлт, үлдсэн хувийг санал, талархал эзэлжээ. Иргэдээс ирүүлсэн санал, гомдолд замын эвдрэл, засвар, барилга, хот байгуулалт, дулаан, цахилгаан, усан хангамжтай холбоотой асуудлууд зонхилж байна.
Иргэдийн гомдол, хүсэлтийн дагуу тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн жишээг Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа тайлбарлав. Жишээлбэл, тусгай дугаарт ирсэн иргэний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн “Шүншиг-3” хотхон орчимд ухсан нүхийг аравдугаар сарын 23-нд булж, аюулгүй байдлыг хангасан байна.
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаараар иргэдийн санал, гомдолд хариу өгөхөөс гадна асуудлыг бодитоор шийдвэрлэж, үр дүнг эргэн мэдээлэх, халаалт, дэд бүтэц, зам засварын ажлуудад шуурхай арга хэмжээ авах шаардлагатайг онцоллоо.
ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл