ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.11.18/ хуралдаан 13.46 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Батжаргал, Э.Болормаа, Б.Жавхлан, Б.Пүрэвдорж, Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, Ч.Ундрам, Ө.Шижир, Б.Батбаатар, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, Н.Номтойбаяр, Н.Учрал, Б.Энхбаяр нар ирснээр 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга С.Бямбацогтод 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албан бичгээр ирүүлсэн талаар Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлттэй холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь У.Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.” гэж заажээ.

2.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана.” гэж заасан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын 5 өдрийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулж, чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль баталсанд тооцно.” гэж заасныг Байнгын хорооны дарга танилцуулаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг уншиж танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

3.jpg

Дараагийн асуудал нь Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх О.Саранчулуун нарын УИХ-ын 34 гишүүнээс 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай, Засгийн газраас мөн өдөр өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэв. У.Отгонбаяр нарын УИХ-ын 25 гишүүнээс 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцууллаа.

7.jpg

Засгийн газрын шийдвэрээр 2019 оноос жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1 хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг хэмээгээд, хэдийгээр хугацаа заагаад ийн хориглосон байдаг ч өнөөдөр 21 аймаг, 330 сум бүрд хаврын морин уралдааныг нууцаар зохион байгуулж, тэдгээр нь уралдааны зориулалтын зам, хүүхдийн аюулгүй байдал, хувцас хэрэглэлийн стандартыг хангахгүй, төр засгийн хараа хяналтгүйгээр далд хэлбэрээр уралдаан, сунгаа зохион байгуулан эрсдэл үүсгэж, улмаар унаач хүүхдүүд хөлдөх осгох, мориноос унаж гэмтэх аюулыг бий болгож байгаагаас үүдэн төрийн бус байгууллагуудуудын эсэргүүцэл эрс ихэссэнийг дурдав.

Үүнтэй холбогдуулан хүний эрхийн болон хүүхдийн байгууллагууд уралдааны журмыг өөрчлөх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, санаачилгууд гаргасаар байгаа аж. Иймд Засгийн газрын тогтоолоос өөр энэ талаарх тодорхой зохицуулалтгүй байгаа тул хаврын морин уралдааны эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулсан хэмээн тэмдэглэв.

Хуулийн төсөлд дараах асуудлыг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсвэл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах, товыг нь Засгийн газрын шийдвэрээр тогтоохоор тусгажээ. Мөн хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахдаа морь уралдуулах зурвасыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг хангах, уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны хүн унаж уралдах зохицуулалтыг тусгасан байна. Улмаар уралдааны морь унах хүн дулаанаа хадгалдаг, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй, осол, гэмтлээс хамгаалах, сэрүүний улиралд тохирсон хувцас хэрэглэлтэй оролцох, заавал даатгуулах, морины уяач нь уралдааны морь унагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулах, хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг хаврын хурдан морины уралдааны замд өртөөчлөн байрлуулж, тусламж үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдал, хэв журмыг сахиулах бэлтгэлийг хангасан байх зэрэг шаардлагыг тодорхой зохицуулжээ. Улмаар хаврын хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг уралдуулахын зэрэгцээ морины насны ангиллаас хамаарч азарга, соёолон насны морьд 16-17, их насны морьд 18-19 километрын замд уралдах зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хаврын морин уралдааны унаач хүний насыг 14-өөс дээш хэмээн тогтоож, стандартын хамгаалалтын хувцас, хэрэглэл хэрэглэснээр эрх зөрчих асуудал багасах бөгөөд моринд гарамгай хүмүүст шинээр ажлын байр бий болох давуу талтай болно. Түүнчлэн морин уралдаан нь үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүхэн уламжлалыг бэхжүүлэх, нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Э.Болормаа, Х.Баасанжаргал нар асууж, хариулт авсан.

5.jpg

Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, уг хуулийн төслийг Засгийн газар дэмжээгүй гэдгийг тэмдэглээд, Улсын дээд шүүх уг хуулийн төсөл хүүхдийн эрхийн талаарх олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомж болон Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн агуулга зорилготой нийцэхгүй байгааг анхаарах нь зүйтэй гэж дүгнэснийг дурдсан.

4.jpg

Хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Энэ хуулийн амин сүнс нь өв соёлын асуудал огт биш, цэвэр хүүхдийн эрхийг хамгаалах зохицуулалт юм хэмээсэн. Засгийн газрын шийдвэрээр 05 дугаар сарын 1 хүртэл морин уралдааныг хориглосон зохицуулалттай боловч амьдрал дээр 21 аймаг, 330 сум, суурин газарт хаврын морин уралдааныг хаалттай хийсээр байна гэлээ. Үүнээс болж хүүхдийн эрх маш ноцтойгоор зөрчигдөж байгаа нь нууц биш гээд, хүүхэд хамгааллын байгууллага хууль бус найман уралдааныг илрүүлж газар дээр нь зогсоосон мэдээлэл бийг дурдав. Тэрбээр хүүхэд хамгаалал нэгдүгээр асуудал хэмээгээд, олон улсын гэрээ конвенцод бид нэгдэж орсноор энэ нөхцөл боломжоор хангагдана гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

8.jpg

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир 2026 он 04 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд төслийн талаар танилцуулга хийлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 30–ны өдөр баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйл (Хууль бус сурталчилгааг хориглох)–ийн 47.7 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын төлөөлөгч сонгуульд нэр дэвших бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тойргийн сонгогчдодоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй” гэж зохицуулсан нь орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тэгш боломжийг алдагдуулсан төдийгүй Хурлын төлөөлөгчид давуу байдлыг зохих үндэслэлгүйгээр бий болгосон байна.

Дурдсан хуулийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болж, өөрчлөн найруулсан хуулийн зохицуулалттай адил агуулгатай байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20–ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй” гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан. Уг дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2025 оны 32 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, 2025 оны 4 дүгээр сарын 18–ны өдөр баталсан хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулахаар зохион байгуулсан уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж өөрчлөн найруулсан.

Үүнтэй уялдуулан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсгийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээнд нийцүүлэх хууль зүйн хэрэгцээ, шаардлага үүссэн гэлээ.

Энэхүү хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсгийг өөрчлөн найруулахаар тусгажээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “Хууль, … Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтэд нийцүүлэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Улсын Их Хурлын үндсэн чиг үүрэгт хамаарч байна гэж танилцуулгадаа дурдав.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн хүний эрх, эрх чөлөөний Үндсэн хуулийн зарчим хангагдах ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээний үзэл санаа, агуулгад бүрнээ нийцэх болно гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Болормаа асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав.

Уг тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Э.Болормаагаар ахлуулан байгууллаа.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн зургаа дахь асуудал нь Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан байлаа.

Тайланг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.

Төрийн байгуулалтын Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлаас баталсан 42 шийдвэрийн 161 зүйл, заалт хяналтад байгаа бөгөөд энэ нь Улсын Их Хурлын шийдвэрийн нийт 1,972 заалтын 8.2 хувийг эзэлж байна. Эдгээрийг ангилал тус бүрээр нь авч үзвэл Монгол улсын 7 хуулийн 15 зүйл, заалт, УИХ-ын 26 тогтоолын 122 заалт, Байнгын хорооны 9 тогтоолын 24 заалт тус тус хяналтанд буй аж.

9.jpg

Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр Төрийн байгуулалтын Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 42 шийдвэрийн 161 зүйл, заалтын биелэлт дунджаар 86.00 хувьтай байна. Нийт заалтын 108 буюу 67.1 хувь нь бүрэн хэрэгжиж, 42 буюу 26.1 хувь нь хэрэгжих шатандаа байгаа бол эдгээрийн 18 заалт удаашралтай, эрчимжүүлэх шаардлагатай гэж үнэлэгдсэн гэлээ. Хэрэгжих боломжгүй гэж үнэлэгдсэн 7 заалт байгаа нь шийдвэрийн төсөл боловсруулах шатанд хэрэгжүүлэгч этгээд, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой заах шаардлага хангалтгүй хэрэгжиж байгааг харуулж байна гэж тайланд дурдав. Мөн хяналтад байгаа заалтын 72.7 хувь буюу 117 заалтыг хяналтаас хасах саналтай байгаа нь бүртгэл хяналтын жагсаалтыг цэгцлэх шаардлага бий болсныг харуулж байна гэлээ.

Иймд бүрэн хэрэгжсэн, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, дараагийн шийдвэр гарсан заалтуудыг цахим системийн бүртгэлийн хяналтаас хасч, одоо хэрэгжиж байгаа шийдвэрүүд дээр гол анхаарлаа хандуулж ажиллах нь хэрэгжилтийг хангуулж, үр дүн гаргахад тустай байгааг анхаарч үзэхийг хүсэв.

Тэрбээр Байнгын хорооны түвшинд авах арга хэмжээний саналаа танилцуулсан. Үүнд:

Хяналтаас хасах саналтай 117 зүйл, заалтыг журмын 6.4-т заасан үндэслэл тус бүрээр хянан хэлэлцэж, хяналтаас хасах шийдвэр гаргах;

Удаашралтай гэж үнэлэгдсэн 18 заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх;

Байнгын хорооны тогтоолоор үүрэг, чиглэл өгөхдөө хэрэгжүүлэх чиг үүрэг, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэр, хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлтийг тодорхой заах болно хэмээсэн.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа үг хэлсэн. Тэрбээр, хагас жил тутамдаа тайлагнадаг байдлыг зогсоож, жилдээ нэг удаа тайлагнадаг болох нь зүйтэй. Энэ тайлагнал холбогдох ажилтнуудад ажлын ачаалал нэмэхээс цаашгүй, маш үр дүнгүй ажил болоод байна хэмээгээд, хяналтаас гаргах шаардлагатай зүйл, заалтуудыг хяналтаас гаргах хэрэгтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр

Парламентыг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилготой “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд Улсын Их Хурал цахим …