АНУ-ын Индиана мужийн Грийнвүүд хотын иргэн Брэндон Смит гэгч эр гэртээ 86 гацуур зассан тухай “abc news” мэдээллээ.
Тодруулбал, түүний гацуурын тоо жил бүрийн зул сарын баяраар нэмэгдсээр байдаг бөгөөд хамгийн анх түүний эцэг эх нь эл заншлыг бий болгожээ. Брэндоны эцэг эх түүнийг жаахан байхаас эхлэн жил бүр шинэ гацуур авч хуучин гацуураа хаялгүй хадгалсаар байдаг байсан гэнэ. Улмаар хүүгээ тусдаа гарахад нь бүх гацуурыг нь өгчээ. Ингээд Брэндон гацууруудаасаа нэгийг ч хаялгүй харин ч нэмж авч бүгдийг нь зул сарын баяраар засдаг болсон байна.
Брэндон шинэ жилд бүтэн нэг сарын өмнөөс бэлдэж эхэлдэг бөгөөд сараас богино хугацаа үлдвэл бүх гацууруудаа засаж чаддаггүй аж. Учир нь тэр гацуур нэг бүрчлэн тоглоом, гэрлээр чимэглэдэг юм байна. Мөн залуу эр хүссэн хүн бүрийг гэртээ оруулж гацууруудаа үзүүлдэг бөгөөд тэднээс ямар ч мөнгө авдаагүй гэнэ. Харин хүүхдийн эмнэлэгт зориулагдсан хандивын хайрцгийг хаалганыхаа дэргэд байрлуулдаг ажээ.