Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

“Цөм сүргийн үржлийн аж ахуй” төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулна

Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Цөм сүргийн үржлийн төвийг татан буулгаж, тус төвийн чиг үүргийг орон нутгийн захиргааны байгууллагад шилжүүлсэний улмаас цөм сүргийн малын стандарт шаардлагыг хангах малын тоо толгой буурч, улмаар цөм сүрэггүй болох нөхцөл байдал үүссэн байна.  Иймээс цөм сүргийн үржлийн аж ахуйнуудыг тухайн үүлдэр омгийн малын удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэх, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах зэргээр бүтэц, үйлажиллагааг нь өөрчлөн зохион байгуулах шаардлагатай болжээ. Өнөөдрийн хуралдаанаар Дундговь, Өмнөговь, Увс, Завхан, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий, Дорнод болон Төв аймгийн “Цөм сүргийн үржлийн аж ахуй” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны харъяа Малын удмын сангийн үндэсний төвийн орон нутаг дахь салбар болгон аж ахуйн тооцоон дээр ажиллуулахаар шийдвэрлэлээ.

“Цөм сүргийн үржлийн аж ахуй” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулснаар мэргэжил, аргазүйн нэгдсэн удирдлагаар хангагдаж үүлдэр, омог, хэвшлийн малын удмын санг хамгаалах, тэдгээрийн аж ахуй, биологийн ашигтай шинж чанарыг нь баталгаажуулах, улсын хэмжээнд үржүүлгийн бүтээгдхүүн үйлдвэрлэх үржлийн ашгийг нэмэгдүүлж цаашлаад улс орны эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулна гэж тооцоолсон байна.  Цөм сүргийн үржлийн үйл ажиллагааг мэргэжил аргазүйн өндөр түвшинд эрхлэн явуулснаар 2014 онд 396,6 сая, 2015 онд 334,0 сая төгрөгийн ашигтай ажиллана.

“Цаа бугын аж ахуйг сэргээх, цаатан иргэдийн амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцтай танилцав


Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-д хамруулахаар 93 өрхийн 343 иргэний судалгааг гаргажээ. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин сууж, цаа буга маллан тайгад амьдарч байгаа уйгур угсааны тува хүмүүсийн хувьд улсад ажиллаагүй учир улсаас олгох тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй, харин халамжийн үйлчилгээнд хамруулах боломжтой байдаг байна. 2013 оны 6 дугаар сараас эхлэн тайгад амьдардаг 18 хүртлэх насны хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын дүнгээр нийт 179 594 800 төгрөгийн тэтгэмж олгоод байна.

Энэ оны 7 дугаар сарын байдлаар 1430 цаа буга тоологдсон бөгөөд цаа бугын удмын санг сайжруулах зорилгоор Турк Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн 35.0 мянган ам.долларын санхүүжилтээр ОХУ-ын Тува улсаас үржлийн өсвөр насны20 цаах удалдан авах гэрээ байгуулан төлбөрий гшилжүүлжээ. Тайгад амьдардаг иргэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх ажлын байр бий болгох зорилгоор Цагааннуур сумын Хармайн эхэнд байсан цаачдын орон сууцыг сумын төврүү нүүлгэн барьж, ажлын байр барихад 10.0 сая төгрөгийн харьцуулсан тендер зарлан шалгаруулж, ажлыг эхлүүлээд байна. Мөн БШУЯ-аас цаатан иргэдэд зориулан Тува хэлний сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж эхэлжээ.

 Иргэдээ хөдөлмөр эрхлүүлж, орлогын эх үүсвэртэй болгон бие даан амьдрах нөхцлийг бүрдүүлснээр ядуурал буурна

Ядуурлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын үр дүнг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ядууралтай хийх тэмцлийг цаашид илүү үр дүнд хүргэхийн тулдурт хугацааны стратеги хэрэгтэй гэж Засгийн газрын гишүүд үзээд Хөдөлмөрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь яамдын газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, олон улсын төсөл хөтөлбөрийн болон иргэний нийгмийн төлөөллийг оруулахаар боллоо. Амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээг 2015 он гэхэд 1990 оны түвшнээс хоёр дахин бууруулахаар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод тусгасан. Хүрэх ёстой зорилтот түвшинтэй харьцуулах улсын хэмжээний нэгдсэн тоо, мэдээлэл хангалтгүй байгаа нь ядуурлыг бууруулах чиглэлээр гаргасан ахицаа хянахад гол бэрхшээл болж байна гэж мэргэжлийн судлаачид үзжээ.

Манай улс 1990 оноос эхлэн ядуурлыг бууруулахад анхаарч, тусгайлсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хариуцсан байгууллага, нэгж ажиллуулж ирсэн ч статистик мэдээллийн санг хожуу үүсгэжээ. 1995, 1998, 2003, 2010 онуудад хүн амын амьжиргааны түвшний судалгаа хийж, ядуурлын талаар статистик дүн, мэдээлэлтэй болсон ба 1995 онд хүн амын 36.3 хувь, 1998 онд 35.6 хувь, 2010 онд 39.2 хувь нь ядуу амьдарч байлаа. Ядуурлын түвшин 1990-2000 оны хоорондох 10 жилд ердөө 0.7 хувиар, 2002-2006 онд 3.5 хувиар буурсан бол 2006-2009 онд жилд дунджаар 5.6 хувиар нэмэгджээ. Харин сүүлийн гурван жилд 16 орчим хувиар буурсан байна. Улс бэлэн мөнгө тараах бус иргэдээ хөдөлмөр эрхлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох зэргээр бие даан амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь Засгийн газраас баримталж буй гол зарчим. Иймд ядуурлыг бууруулах шинэчилсэн стратеги нь амьжиргааны түвшин доогуур иргэдийг ажлын байртай болгох, хэрэглээний зардлыг нь хямдруулах, нийгмийн чанартай үйлчилгээ хүргэх, эдийн засгийн аливаа харилцаанд тэгш оролцох өргөн боломж бүрдүүлэх зэрэг нэгдмэл бодлого зорилтыг агуулсан байх шаардлагатай юм.

Товч мэдээ

  • Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах чиг үүрэг бүхий “Эрүүл мэндийн үндэсний зөвлөл” байгуулж, бүрэлдэхүүн ажиллах журмыг батлан тус зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, зардлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгалаа.
  • Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь /үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь/ байхаар тогтоож 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн мөрдөхөөр тогтлоо. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг иргэд, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдлын эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, гадаадын иргэн, харъяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувьтай тэнцүү байхаар тогтоолоо.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мундагбаатарын Батсайханыг Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …