Б.Буджаргал: Эрийн гурван наадам олигархиудын зугаа цэнгэл болсон

_mg_6221“Монгол Үндэстний Хүсэлд Нэгдэх Хөдөлгөөн”-ий тэргүүн, Онлайн парламентын төлөөлөгч Б.Буджаргалтай өнөөдөр олон хүмүүсийн анхаарлыг татаад байгаа баяр наадмын төсвийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Онлайн парламентын төлөөлөгчид саяхан наадмын төсвийн талаар маш чухал асуудлыг хөндөж хэвлэлийн бага хурал зарласан. Үүний талаар дэлгэрэнгүй ярилцмаар байна.

-Энэ жилийн улсын баяр наадмын төсөв 50 тэрбум хүрч байгаа нь энэ асуудлыг ярихгүй байхын аргагүй байдалд хүргэж байна. Энэ мөнгөө бондын мөнгөнөөс гаргаж байгаа нь дэндүү бодлогогүй үйлдэл шүү дээ. Тиймээс бид Засгийн газарт зөвлөмж болгож явуулсан байгаа. Баяр наадам тэмдэглэж болно гэхдээ байдгаа барж, тансаглаж болохгүй.

-Засгийн газар та бүхний гаргасан зөвлөмжийг хэрхэн хүлээж авах бол гэж бодож байна вэ

-Үүнийг бид мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл дээр бид хатуу байр суурьтай байгаа. Энэ ямар асуудал вэ гэхээр 50 тэрбум төгрөгөөр гурав хоног наадамлахыг бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэхүү бодлогогүй, үрэлгэн үйлдлээ Засгийн газар болон салбарын яам нь дахин авч үзнэ гэдэгт найдаж байна. Мөнгийг ингэж салхинд хийсгэж, дэмий үрж болохгүй.

-Гэхдээ энэ салбарын сайд Ц.Оюунгэрэл наадмыг аялал жуулчлалын Монгол брэнд болгох хүсэлтэй байгаагаа хэлж байсан. Тиймээс мөнгө хаяж байгаа байх?

 -Нэгдүгээрт, үгээр тоглохоо болих хэрэгтэй. Хоёрдугаарт, аливаа асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Брэнд гэдэг үг чинь моодонд ороод бүх л зүйл дээр брэнд ярьдаг болчихож. Ингэж туйлширч болохгүй. Наадам дээр брэнд гэдэг үгийг хэрэглэх нь зохимжгүй. Брэнд гэдэг мөнгөөр биш харин шинэ шинэ санаагаар, хичээнгүй хөдөлмөрөөр бий болдог зүйл шүү дээ. Заавал наадмыг брэнд болгоно гэж ярьснаас харин наадмаа жуулчдыг татах нэг хэрэгсэл болгох гэвэл илүү ойлгомжтой байх. Гоё гоё үг хэрэглээд тэр үгэндээ өөрөө төөрөөд бас бусдыг төөрөгдөлд оруулаад байж болохгүй.

-Таныхаар бол Монгол наадам Монгол брэнд биш жуулчдыг татах хэрэгсэл юм байна. Тэгэхээр эл хэрэгслийг хэрхэн яаж идэвхжүүлэн олон мянган жуулчдыг татаж болох вэ?

 – Хамгийн түрүүнд нялх балчир хүүхдээр хурдан морь унуулахаа болих хэрэгтэй. Ер нь наадам бол нэг талаас олигархиудын зугаа цэнгэл болсон гэж хэлж болохоор болчихож. Тэдний морь уралдаж, тэдний компанийн бөх барилддаг. Үүнийг тэгээд ард түмний баяр наадам гэж нэрлэх үү. Үүнийг тэгээд жуулчид үзэх үү.

 – Та бүхэн хэвлэлийн бага хурал дээр тавин тэрбумаар юу хийж болох талаар задаргаа гаргасан байсан. Энэ задаргааг ямар тооцоогоор яаж хийсэн бэ?

-Тийм ээ. Задаргаа хийсэн. Гэхдээ энэ задаргааг яаж ч хийж болно л доо. Хамгийн гол нь өнөөдөр монголчуудын амьдрал ямар байгаа билээ гэдгийг бодох хэрэгтэй. Найрлаж, наадамлаад байх цаг биш. Улс орноо хөгжүүлж, ард түмнээ ажилтай орлоготой сайхан амьдруулах нь чухал байна. Мэдээж үүнийг бондын мөнгөөс гаргана. Гэтэл бондын мөнгө чинь улс орноо бүхлээр нь барьцаалж байгаад авсан зээл шүү. Үүнийг зүгээр л гарынхаа сарвуугаар цацаад байгаа явдал бол хариуцлагагүй үйлдлийг гаргаж байна. Хэн тэгээд хариуцлагыг нь хүлээх вэ гэдэг асуулт ч гарна.

 -Өнгөрсөн жил наадмын төсөв 1 тэрбум ч хүрэхгүй байсан гэдэг. Гэтэл одоо бараг 50 дахин нэмэгдсэн байгаа. Үүний цаана төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах болон шамшигдуулах санаа сэдэл байгаа юм биш үү гэсэн хардлага ч бий болоод байна?

-Үүнийг үгүйсгэхгүй. Төсвийн задаргаанаас харъя л даа. Соёл урлагийн салбар хороо өнгөрсөн жил 82,2 сая төгрөгөөр бүх үйл ажиллагаагаа хийж байсан бол энэ жил бараг 11 дахин өсөж 969,6 сая төгрөг болтлоо өссөн. Үүний ард нам дагаж гүйсэн баахан дуучин, жүжигчин нэртэй нөхдүүд байгаа шүү дээ. Ийм байж болох уу. Мэдээж болохгүй. Гэтэл өнөөдрийн Засгийн газар яг ингэж л ажиллаж байгаа. Ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүнд нь шилжүүлэх эсвэл чаддаг хүмүүсээс нь зөвлөгөө авах хэрэгтэй. Улсын мөнгөөр тоглож болохгүй.

 -Бондын мөнгөөр наадамлалаа гэсэн шүүмжлэл их байна. 50 тэрбумын хөрөнгийн эх үүсвэр нь юу вэ?

 -Энэ бол бондын мөнгөнөөс гарч байгаа гэдэг нь тодорхой. Ерөөсөө өнөөгийн засгийн газрыг бондын Засгийн газар гэж нэрлэж болохоор байна. Бондын мөнгийг хувааж идэх гэсэн хүмүүс байгаа. Тэр нь үүгээр илэрч байна. Бондынхоо мөнгийг ингэж салхинд хийсгэчихээд эргээд яаж төлөх гэж байгаа юм бол доо. Эсвэл монголчуудыг өрөнд унагааж хаячихаад бүгд алга болох уу. Хэн мэдлээ. Монгол улсын гадаад өр хэд болж байгааг одоо Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй.

 – Бондын мөнгө дуусаж байгаа гэсэн мэдээ байгаа. Ихэнхдээ төмөр зам, авто замдаа зарцуулж байгаа гэж Ерөнхий сайд тайлбарлаад байгаа шүү дээ?

-Ерөнхий сайдын үгийг “үгэнд” бүү тооц. Юу гэж ч хэлж болно. Араас нь үнэн үү гэж асуух хэрэгтэй. Бондын мөнгийг зөв зарцуулсан бол Монгол орон хөл дээрээ бат зогсох байлаа. Одоо бүх юм өнгөрсөн. Хэдэн шуналтай хүмүүсийн халаас руу ороод л дууслаа. Өнөөдрийн энэ шинэчлэлийн гэж нэрлэгдээд байгаа “шимэгчдийн” Засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Бондын мөнгөөр юу хийж болох байсан биш харин наадамлах гээд байгаа 50 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ гэхээр дэлхийн тэргүүний 5 ширхэг биотехнологийн судалгааны төв байгуулж болно. Дэлхийн тэргүүний 1000 эрдэмтдийг авчирч ажиллуулж болно. 5 ширхэг нанотехнологийн үндэсний судалгааны төв байгуулж болно. Хөрсгүй гидрофоникийн жимс ногооны 10 үйлдвэр барьж болно. 5 биотехнологийн үйлдвэрт дор хаяж 500 ажилтан ажиллах боломжтой төдийгүй ашиг нь нүүрс зарснаас хэдэн зуу дахин их ашиг өгөх байсан. Гэвч үүнийг манай Засгийн газрынхан гэж нэрлэж байгаа нөхдүүд олж харж, дэмжихийг хүсэхгүй байна. Харин тэд өөрсдийн ашгаа бодож байна шүү дээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …