МАХН-ын ЕНБД-ын зөвлөх Г. Дугаржав: Н.Энхбаяр дарга удахгүй ирнэ

G. DugarjavМАХН-ын ЕНБД-ын зөвлөх Г. Дугаржавтай ярилцлаа. Тэрээр 2000 оноос МАХН-ын Улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2004 онд гадаад харилцааны салбарт шилжиж Сөүл, Бээжин дэх ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байгаад 2013 онд эх орондоо ирж намын гишүүнчлэлээ сэргээхээс ажлаа эхэлжээ.

-Та улс төрийн намын хариуцлагатай ажлыг эх орондоо ирэнгүүтээ хүлээн авчээ. Ингээд бодохоор монголын улс төрийн байдалд хувийн дүгнэлт хийсэн байх?

-Гадаадад цөөнгүй жил ажиллаад эргэн ирж монголын улс төрийн амьдралыг харахад эрээн бараан, улам л ээдрээтэй бохир болсон санагдсан. Улс төрийн системийн өвчин эмгэг ужгирч хүндэрсэн тул монголын улс төрд өөрчлөлт, шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна.

-Таны харж байгаа нөхцөл байдал улс төрийн намуудын үйл ажиллагаатай холбоотой. Улс төрийн намуудын үйл ажиллагааг ямар түвшинд явагдаж байна гэж харж байна?

-Төр засаг, улс төрийн намын үйл ажиллагааг шүүмжлэх амархан, засч залруулах хэцүү.Төр, эдийн засаг бүхэлдээ хямралтай байна. Энэ засгийн хувьд манай нам бас эрх барилцаж байгаа тул сайн мууг нь хуваалцах л болно. Гэхдээ цаашидмонголын улс төрийгяаж хууль, дүрмийн дагуу явуулдаг болох вэ гэдэг асуудал маш чухал байна. Улс төрийн үйл ажиллагааг зохион байгуулахад намын үүрэг оролцоо их гэдэг нь ойлгомжтой. 1990-ээд онд олон намын тогтолцоонд шилжснээс хойш монголд улс төрийн 20-оод нам байгуулагдаад зарим нь татан буугдаад л ирсэн байдаг. Одоо улсын дээд шүүхэд бүртгэлтэй 16 нам байгаа болов уу гэж бодож байна. Сонгуулийн хуулиар улс төрийн нам хөтөлбөрөө ард түмэнд санал болгож, түүнийгээ хэрэгжүүлэх засаг төрийг эмхлэн байгуулдаг. Энэ намуудын үйл ажиллагааг зохицуулдаг улс төрийн намын тухай хууль цаг үетэйгээ нийцэхгүй байгаа, улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хариуцсан ажлын хэсэг ч гарсан байна. Хуулийн шинэчлэлд улс төрийн намын үзэл баримтлал, бүртгэл, дотоод ардчилал, гишүүнчлэл, санхүүжилт гэсэн хэдэн чиглэл тусгаж байгаа юм байна. Ардчилсан төрт ёстой улс оронд улс төрийн намын хуулинд иргэний үндсэн хуулиар олгогдсон бүх шатны сонгуульд оролцох, сонгогдох эрхийг хамгаас илүүтэй хамгаалсан байх ёстой.Аливаа дотоодардчилалтай намын амин сүнс хамтын удирдлагатай, хамтдаа хариуцлага хүлээдэг тогтолцоо байх ёстой. Үүнийг л уг хуулинд илүү тодорхой тусгах хэрэгтэй байгаа юм. Бусад асуудал нь илүү техникийн шинжтэй учраас нарийн тоочишгүй. Дараа нь сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй. 2008 оны УИХ-ын сонгуулиар уг нь өвдөг шороодсон мөртлөө луйвардаж гарсан хэдэн олигарх монголын төрд дахин шургалахаар  2012 онд жагсаалтын ард нуугдаж орж ирсэн. Энэ хууль монголын ард түмэнд хэрэггүй байна гэдгийг миний саяын хэлдэг жишээ нотолно. Хуульчилсан намын жагсаалт, түүгээр дөрөөлсөн улс төрийн эрх мэдэл хэдхэн хүний баяжих хэрэгсэл болж нийгэм, улс төр бүхлээрээ системийн хямралд орсон байна. Яг одоо монголын улс төр ээдрээтэй, төвөгтөй байдалд байна. Улс төр, бизнесийн олигархи бүлэглэлүүд төрд тухтай нь аргагүй байршсан. Та харалдаа. Монголын парламент бол улсын тэргүүний уран сайханч гэдэг шиг улсын тэргүүний баячуудын цуглуулга болсон байгаа биз дээ. Стив Жобс,Билл Гейтс нар шиг өөрийн хөдөлмөр, ухаанаар баяжсан бол нийгмийн баялаг гэж үзнэ. Өмч хувьчлал нэрээр ард түмний хөрөнгийг албан тушаалаа ашиглан үнэгүйдүүлж авсан, нийт ард түмний хөрөнгө болох газрын баялгийг гадныханд найр тавьж хөрөнгөжсөн баячууд бол олигарх бүү хэл зүгээр л хулгайч нар байхгүй юу.Тэд Монголд орж ирсэн бүх валютийг төгрөгөөр худалдаж аваад гадаадын банкинд хадгалчихаж байна. Тэдний гадаад дансыг хаах арга хэмжээ авахгүй л бол инфляц буурахгүй,төгрөгийн ханш бууралт хэзээ ч зогсохгүй.

-Та сая улс төр системийн хямралд орсон гэж ярьлаа. Ер нь системийн хямрал гэж юуг хэлээд байна?

-Нийгмийн систем гэдэг бол бүр том бүхлээрээ ажилладаг цогц механизмыг хэлдэг. Улс төрийн систем бол нийгмийн системийн тодорхой нэгэн төрөл юм. Улс төр, түүний дотор төрийн засаглалын хэрэгжилт нь өөр өөрийн евөрмөц ашиг сонирхол бүхий янз бүрийн анги, бүлэг, хүчний бие даасан болон өөр хоорондоо сүлжилдсэн харилцаанд орсон үйл ажиллагааны үр дүн байдаг. Нийгмийн бүлэг бүр нийтийг хамарсан аливаа шийдвэрийг өөртөө ашигтайгаар гаргахын төлөө өөрийг нь төлөөлсөн улс төр, олон нийтийн хөдөлгөөн зэргээр дамжуулан идэвхитэй үйл ажиллагаа явуулна. Ингэснээр эрх мэдлийн үндсэн дээр нийт олны даган биелүүлэх шийдвэрийг гаргаж байдаг нийгмийн хүрээг улс төрийн систем гэдэг. Гэтэл энэхүү систем гадны тонуулчдын гар хөл болсон, ахархан бодолтой хүмүүсийн эрх мэдэлд хүрэх гишгүүр, эд баялагт хүрэх шат дамжлагын машин болсон асуудлыг би улс төрийн системийн хямралд орсон байна гэж хэлж байгаа юм.

-Системийн хямрал нүүрлэчихсэн юм бол монголд олигарх нийгмийн тогтолцоо тогтчихжээ гэж дүгнэж болох уу?

-Ийм тогтолцоо тогтоход тун ойрхон ирсэн. Үүнийг засахын төлөө МАХН ажиллана. Та бидний үр хүүхэд, хойч ирээдүй монголын төрийн толгойд гарсан, газар нутгийг минь харийнханд найр тавин халаасаа түнтийлгэсэн 200 гэр бүлийн төлөө ажилладаг боол болох ёсгүй биз дээ. Харин орчин үеийн монголын улс төрийн зах зээл дээрээс олигарх нэрээрээ бахархах шинжтэй болсон төрийн эрхийг бизнесийн хэрэгсэл болгосон 200 залилангийн хэрэгтэнг зайлуулах эрх нь гагцхүү монголын ард түмэнд бий. МАХН энэ бүхнийг нээж ил болгож өгнө харин ард түмэн дараагийн сонголтоороо эх орноо цэвэрлэх боломж гарт   GХарин нь байна.

-Танай намын дарга Н.Энхбаяр сүүлийн жилүүдэд их хатуу хөтүүг үзэж тууллаа. Та юу гэж боддог вэ?

-Улс төр их хатуу дүрэмтэй, өрсөлдөгчөө яахаас ч буцахгүй хүмүүсийн эрхэлдэг ажил л даа. Н.Энхбаяр даргын тухайд бол улс төрийн машинд хэлмэгдсэн хүн. Гэхдээ төрийн эрхийг барьж байгаад буусан хүмүүс эргэн улс төрд орвол үздэг л зовлон, практик амьдралд дэлхий дээр зөндөө л давтагдсан жишээ байна. Н.Энхбаяр даргатай адилхан улс төрийн машинд хэлмэгдсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Анандын Амар, Пэлжидийн Гэндэн, маршал Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал гаднаас наад захын Юлия Тимошенко, Ан Сан Сү Чи, бүр  цаашилбал Нельсон Манделла, Мартин Лютер Кинг гээд олон улс төрийн зүтгэлтнүүд байна л даа. Бүгд л хэлмэгдсэн хүмүүс. Тэгэхээр би нэг талаас Н.Энхбаяр даргын үзэж туулсан зовлон бэрхшээлийг  замбуулин дээр байдаг л муу, бохир улс төр юм даа гэж боддог.

-Танай намын дарга Н.Энхбаяр хэзээ ирэх вэ, сүүлийн үед хэвлэлүүдээр ирэх нь гэж их бичиж байна?

-Эрх чөлөөт Монгол Улсын иргэн эх орон, эцэг эх, үр хүүхэд, хань ижилдээ ирэхээр яарч байгаа нь ойлгомжтой. Би бол намын даргын маань өвдсөн бие нь эрүүл саруул болоод бүр хурдан ирээсэй гэж хүсч байна.

-Яг хэзээ ирэх талаар баттай мэдээ байна уу?

-Манай нам Их чуулганаа гуравдугаар сард багтаан хуралдуулахаар тогтож байгаа. Намын дарга энэ их хуралд ирж оролцох байх. Тэгэхээр удахгүй ирнэ гэсэн үг.

index

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …