Одоогоос есөн жил орчмын өмнө Малайзын харгис хэрцгий алуурчдын гарт учир битүүлгээр амь насаа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай ярилцлаа.
Энэ олон жилд танай талийгаачийн хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад саяхан бас нэгэн охин Малайзад харамсалтайгаар амь насаа алдлаа. Учир битүүлэг хэргийн үнэн мөнийг олох гэж цөхрөлтгүй явж байгаа хүний хувьд энэ удаагийн хэрэг явдлыг юу гэж харж байна вэ?
Бид чинь жижигхэн. Бид хэнд ч хамааралгүй шүү дээ. Бүс нутагтаа ч нэг их хамааралгүй, тивдээ ч юу юм. Чин үнэндээ дэлхий дахинд Монгол юу юм бэ. Шударгаар үнэнийг хэлэхэд кноп дарлаа л бол бидэнд хувь хэмжээ гэх юм байхгүй. Дэлхийн том найман гүрэн л гэнэ, дэлхийн 20 гүрний уулзалт л гэнэ. Тэд л энэ дэлхийн асуудлуудыг шийдэж байгаа шүү дээ. Бид бол жижигхэн бригад шүү дээ. Энэ дотроо л эвтэйхэн амьдраад юмаа зохион байгуулчих ёстой. Мянга хашгираад хашгираад бидний дуу хоолой хүчгүй байна. Чадваргүй байна. Манайхан өөрсдөө мэдлэг байхгүй, мэдээлэл байхгүй байна. Ийм байж тэр улсуудтай өөрсдийгөө зүйрлэвэл бид юу юм бэ. Том онгоцны дороос жижигхэн ялаа зүүгдсэнтэй адилхан байх вий дээ. Ингэж хэлэхээр хүмүүс энэ хуцаж байна, биднийг доромжилж байна гэдэг. Тэртэй тэргүй л бид бүх байдлаараа доромжлогдож байгаа шүү дээ. Хувцасаа хийж чадахгүй, хоолоо хийж чадахгүй, сүүлдээ бүр гурилаа ч хийж чадахгүй болсон юм яриад байна. Дандаа л байхгүй, байхгүй, байхгүй. Бүх зүйл нь гадны хамааралтай.
Талийгаач охины тань хэргийн талаар шинэ мэдээлэл байна уу?
Бүх гэрч нь устчихсан. Тухайн улс хуульгүйгээр бүх хүмүүсээ суллачихлаа. Одоо болоо юм байгаа биз. Монголчууд та нар яаж ч чадахгүй л гэж байна шүү дээ. Монгол хүнийг яаж ч байсан Малайзчуудад хууль үйлчлэхгүй гэсэн жишгийг Малайзад тогтоолоо. Сүүлийн жишээ ч ялгаагүй. Малайзчууд хүн төрлөхтний түүхэнд байгаагүй аймшигтай байдлаар монгол хүнтэй харьцаж, устгахад ямар ч хууль үйлчлэхгүй байна шүү дээ. Чин үнэндээ бол хохирогчдын хохь л гэж хэлж байгаа. Манай талийгаачийн хэрэг шиг тодорхой, бүх баримт нь ил болсон хэрэг энэ дэлхийн хаана ч байхгүй. Гэтэл дур зоргоор шийдээд өнгөрч байна. Хэн ч үүнийг анзаарсангүй. Ер нь хууль гэдэг худлаа байдаг юм. Цоорхой шанага шиг шал худлаа. Шударга юм гэж хаана ч байдаггүй юм байна. Хэн эрх мэдэл, хэн мөнгөтэй байна түүгээр л шийдэж байгаа шүү дээ. Мөн чанар, шударга ёсоор шийдэж байгаа юм байхгүй. Та нар битгий худлаа ярь. Худал зүйлд бүү итгэ. Шударга үнэн байдаггүйг би харлаа шүү дээ.
Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсаас Тайландад сууж байгаа Малайзыг хариуцдаг элчин итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан байдаг. Гэвч итгэмжлэх жуух бичиг өргөн барихтай нь холбогдуулан талийгаачийн амь насыг хөнөөсөн хоёр цагдааг сулласан байгаа юм. Үүгээрээ биднийг доромжилж байгаа байхгүй юу. Та нар бол хэн ч биш, бидэнтэй ойртох гэсний чинь хариу энэ гэж байгаа байхгүй юу. Ингэлээ гээд манайхан юу үзүүлж байна. Буу шийдэм ч байхгүй, пуужин зэвсэг ч байхгүй, гэрээ хэлцэл, хууль дүрэм ч байхгүй шүү дээ. Чи муу гөлөг яадаг юм хуцаж бай бид бол бар улс л гэж байгаа биздээ. Малайз гэж юу юм. Тэнд байгаа монгол хүүхдүүд юу хийж, яаж амьдардаг юм, ямар байдлаар очдог юм гэдгийг би бүгдийг нь мэднэ. Гэхдээ яршиг чёрт. Өөрийнхөө өмнөх лайг яая гэж байж өрөөлийн бузар булай, болох болохгүйг бусдад сурталчилах нь надад сонин биш байна. Би шүүх хурал хүлээгээд олон сараар тэнд байсан. Тэнд юу болдгийг би бүгдийг нь мэднэ… үргэлжлэлийг энд дарж уншина уу!