Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж, наадмын төсвийг баталжээ. Энэ жилийн баяр наадамд нийт 1,5 тэрбум төгрөг зарцуулахаар болсон бөгөөд үүнд нийслэлээс 380 сая төгрөг, тасалбарын орлогоос 350 саяыг, үлдэх 840 саяыг Засгийн газраас гаргахаар болсон байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэхдээ “2012 оны наадамд 950 сая , 2011 онд 1,3 тэрбум төгрөг, 2010 онд 1,7 тэрбум төгрөг зарцуулсан. Харин 2013 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор урлаг, соёлын арга хэмжээний зардлыг нэмээд 1,5 орчим тэрбум төгрөгийг баяр наадамд зарцуулахаар төлөвлөж байгаа. Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолбор байгуулахаар төлөвлөж, таван жилийн бүтээн байгуулалтын ажилд 50 орчим тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо хийснийг энэ жил ийм мөнгөөр наадамлах гэж байна гэсэн яриа гаргасан нь ор үндэсгүй мэдээлэл” гэсэн юм.