Сайд Л.Болдын БНХАУ-д хийж буй айлчлал маргааш өндөрлөнө

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхлаа. Энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хоёр тал тэмдэглэж, цаашид улс төр, эдийн засаг, соёл, хүмүүлэгийн болон бусад салбарт хамтран ажиллах болон бүс нутаг, олон улсын үйл ажиллагаан дахь хоёр талын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар  санал солилцов.

БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао уулзалтын үеэр хэлэхдээ “БНХАУ-ын зүгээс хөрш орнуудтайгаа, түүний дотор Монгол Улстай тогтоосон харилцаандаа түлхүү анхаарч, илүү дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх бодлого баримтлахаа илэрхийлэв. Гадаад харилцааны сайд Л.Болд хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар Хятадын талтай нягт хамтран ажиллаж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар  баяжуулан гүнзгийрүүлэхийн төлөө байна” гэв.

Мөн тэрээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчитэй уулзав. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлыг хөндөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар ярилцав.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцевтэй уулзав. Монгол Улс бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны энэ байгууллагатай цаашид ч идэвхтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа сайд Л.Болд илэрхийлээд ШХАБ-ын үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцсон юм.

Гадаад харилцааны сайд Л.Болд мөн өдөр Бээжин хотоос Монгол Улсад хавсран суугаа гадаад орнуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзан Монгол Улсын өнөөгийн байдал, гадаад бодлогын зорилтуудын талаар танилцуулав. Уулзалтад 40 гаруй орны Элчин сайд нар оролцсон юм.

Түүнчлэн сайд Л.Болд Хятадын үндэсний түүхийн музейг үзэж сонирхон, “Ching daily” сонин, Phoenix телевизэд ярилцлага өглөө.

Гадаад харилцааны сайд Л.Болдын энэ удаагийн айлчлал 2014 оны 1 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд ШУӨЗО-нд ажиллана.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …