Аз гэдэг сохор ч гэдэг юм уу, бурхны тухай зарим хүн хөнгөмсгөөр бодож үл тоох нь бий. Гэхдээ л санаанд оромгүй тохиол учирч аймшигт үхлээс азаар мултарсан тохиолдол нэг биш. Их өндрөөс унаад амьд гарсан хүүхдүүдийн тухай энд өгүүлж байна.
1. Цонхоор унасан хоёр ч хүүхдийг аварсан эрэгтэй
Америкийн Детройтод 1937 онд нэг жаал дөрвөн давхарын цонхоор унахдаа цонхон доор байсан эрэгтэй дээр унажээ. Гудамж цэвэрлэгч Жозеф Фиглок ажлаа хийж байх үед нь хүүхэд яг дээрээс нь хүзүү мөрөн дээр нь унажээ. Фиглок, жаал хүү хоёр бэртсэн ч амьд гарч.
2. Найман давхраас унаад амьд гарсан жаал
2013 оны гуравдугаар сард 44 настай Синтия Ваченхайм гэгч эмэгтэй өөрийгөө муу ээж гэж үзээд зурвас бичиж үлдээгээд найман давхрын цонхоор үсэрч, 10 сартай жаал нь энгэр дэх үүргэвчинд нь байсан ч бүсгүй нуруугаараа унаж хүү жаахан бэртээд амьд үлджээ. Тэдний хөрш Стивен Домингез ээжтэйгээ хамт дэлгүүр ороод ирж байхдаа эмэгтэй яаж унахыг хараад ойртож очвол жаал хүү явган хүний зам дээр уйлаад сууж байсан байна.
3. 10 давхраас унасан охиныг барьж авсан бүсгүй
2011 онд хятадын Ханжоу хотын Ню Фангью охины эмээ бяцхан охиныг орхиод гадагшаа гарч. Охин эмээгээ хайгаад ололгүй, сүүлд нь цонх руу авирчээ. Гудамны нөгөө талын байшингаас нэг хүн охиныг яг унах гэж байгааг харсан ч өөрөө 9 давхраас шатаар буугаад, дахиад 10 давхар өгсч очих гэсээр байтал охин хэдийнээ уначих байлаа. Гэхдээ Ву Жупинг бүсгүй гудамж хөндлөн гүйж унаж байгаа охиныг улаан гараараа барьж авсан байна. 32 настай Ву Жупинг бүсгүй өөрөө 7 сарын өмнө ээж болсон байжээ. Бүсгүйн ажилладаг “Alibaba Group” компани бүсгүйг энэ баатарлаг үйлийнх нь төлөө 30 940 доллараар шагнажээ.
4. Таван давхраас унасан охиныг таван залуу аварсан нь
Хятадын Жэцян мужийн Гешуянг тосгонд өглөөгүүр таван залуу мотоциклоор зугаалан давхиж явж. Гэтэл таван давхраас нэг хүүхэд уйлах сонсогдохоор нь хартал нээлттэй цонхны давцан дээр жаахан охин сууж байх нь тэр. Охин өглөө сэрээд цонх руу авирсан нь тэр юмсанж. Залуучууд гүйлдэн цонхны дор очиж унаж байгаа охиныг тосч авчээ. Охин залуусын гар дээр унаад дараа нь гулгаж газар унасан ч шууд хөл дээрээ босч байгаа нь дүрс бичлэгт үлджээ.
5. Зургаан метрээс унаад жаахан хөхрөөд л өнгөрчээ
2013 оны долдугаар сард хоёр ойтой Лев Фернандо зургаан метр өндөртэй цонхноос бетонон зам дээр унаад өвдгөндөө жаахан хөхөрчихсөн, хэсэг үалбарайнаах өөс ямар ч гэмтэл аваагүй байна. Эмч нар жаал хүү унаж байхдаа биеэ сулласан нь аз болж гэж хэлсэн байна. Жаал хүү нээлттэй цонхны дэргэдэх орон дээр ахтайгаа тоглож байгаад барих гэсэн ахаасаа “зугтаасан” нь ийм аюул дагуулжээ.
6. 24 метрийн өндрөөс унасан жаал эмчийн гар дээр
Ой хагастай жаал зургаан давхрын 24 метрийн өндрөөс унах үед яг тэр гудамжаар эхнэр хүү хоёртойгоо хамт явж байсан эмч Филипп Бенсеньё анзаарч гүйн очиж хүүг тосч авчээ. Хүү ч бас унах үедээ нэгдүгээр давхарт байдаг “Le Vincennes” баарны сүүдрэвчид тээглэж хүч нь саарсан байж.
Энэ бүхнийг нүдээр үзсэн, эсрэг байшинд нь амьдардаг нэгэн жаал хүү цонхны дэргэд нэг охинтой тоглож байгаад цонхны давцан дээр гараад доош унасан гэжээ.
7. Альпын ууланд 30 метрийн өндрөөс унаад амьд үлдсэн охин
38 настай эр, 31 настай гэргий, жаахан охинтойгоо Альпын нуруунд амарч яваад 823 метрийн өндрөөс буухын тулд ган татлагаар ачаа тээвэрлэдэг давцанд суужээ. Хөдлөөд нэг их яваагүй байтал давцан хөмөрч гурвуулаа доош унасан байна. Аав ээж хоёр нь чулуу мөргөснөөс газар дээрээ амь алдаж, үүргэвчин дэхь нэг ойтой охин харин азаар амьд гарчээ. Үүргэвч уналтыг нь зөөллөсөн байх гэж аврагчид үзсэн байна.
8. Гуравдугаар давхраас шууд хөл дээрээ буужээ
2013 оны гуравдугаар сард америкийн Колорадо мужид гуравдугаар давхраас унасан дөрвөн настай жаал хоёр хөл дээрээ буужээ. Орора хотын иргэн эмэгтэй үсээ угааж байх зуур хүү Дилан Хейз нь цонхны дэргэд тоглож байгаад цонхоор хөрштэйгээ ярих гэж байгаад доош унасан нь тэр. Хүү агаарт хоёр ч удаа сальт эргээд шууд хөлөөрөө газардсан байна. Жаал хүүг эмнэлэгт аваачиж үзэхэд бэртэлгүй байсан ч 20 цаг асаргаа хийгээд гаргажээ. Одоо ээж нь нэгдүгээр давхрын сууц хайж байгаа гэсэн.
9. 12 метр өндөр гүүрнээс шидэхэд амьд үлдсэн хүү
Сэтгэцийн гажигтай аав нь долоон настай хүүгийн ээжтэй нь маргалдсанаас болж Индира Гандийн төмөр замын дээрх Пимпри гүүрийн 12 метр өндрөөс хүүгээ доош шидчихжээ. Хүү төмөр замын хоорондох өвсөн дунд унаж азаар амьд гарсан байна. Нүдээр үзсэн хүмүүс энэ бүхнийг цагдаагийнханд ярьж өгчээ.
10. Өлгийтэй хүүхдийг аварсан жаахан охин
Америкийн Жоржия мужид орон сууцанд гал гарч байр нь галд бүрэн автаад ирхэд сандарсан эмэгтэй хүүхдүүдээ зургаан метрийн өндөр цонхоор гадагшаа шидэж эхэлж. Хоёр, гурван настай хүүхдүүд газар унасан ч нэг их бэртсэнгүй. Дараа нь дөнгөж төрөөд байсан өлгийтэй хүүхдээ шидэхэд 10 настай Зна Грешам гэдэг охин түүнийг нь барьж авчээ. Гал сөнөөгчид эмэгтэй хүүхдүүдээ аврахын тулд цонхоор шидэхээс өөр ямарч арга байгаагүй гэсэн бол муж даяараа 10 настай Зим охиныг баатар хэмээн өргөмжилжээ.