МХЕГ-аас шинэ жил, цагаан сарын тэмдэглэлт баярыг тохиолдуулан “Нийтээрээ эрсдлээс сэргийлье” аяныг хоёр үе шаттай зохион байгуулж байна. Аяны хүрээнд холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгөн ажиллаж байна.
Аяны эхний үе шатыг 2013 оны арван хоёрдугаар сарын 09-нөөс 31-нд явуулсан бөгөөд улсын хэмжээнд 1692 хүнс, худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хяналт шалгалтанд, 1213 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдлаа.
Шинэ жилийн баярын үеэр бялууны үйлдвэр, цехүүдэд хэрэглэгдэж буй бялууны чимэглэл хийх зориулалттай сүүн кремүүдийн хадгалалтын байдалд хяналт хийхэд горимыг сайтар мөрдөн ажилласан байна. Нийт үйлдвэрүүд нь бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн байранд хадгалах хөргөх төхөөрөмж, тээвэрлэх хөргүүртэй тээврийн хэрэгслээр бүрэн хангагдсан. “Батбайгаль”, ”Жүр үр”, “Талх чихэр” зэрэг компаниуд нь үйлдвэрлэлд хэрэглэж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, вандан тавиур, ажиллагсдын гар зэргээс тодорхой хугацааны давтамжтайгаар арчдас авч, өөрийн дотоод хяналтын лабораторийн шинжилгээнд хамруулан угаалга цэвэрлэгээ, ариутгалын чанарт хяналт тавьж хэвшжээ.
Томоохон хүлээн авалт зохион байгуулж байгаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг хамруулан хяналт шалгалтыг хийж, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах, хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж сэрэмжүүлэг өгч ажиллалаа. Шалгалтад хамрагдсан хоол үйлдвэрлэлийн ажлын байр хүрэлцээгүй, технологийн урсгалыг буруу зохион байгуулсан зөрчилтэй таван хоолны газрын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр зогсоох арга хэмжээ авч, эрсдлээс урьдчилан сэргийллээ.
Нийслэлийн “Бөмбөгөр” ХХК, “Нарантуул-2” ХХК, “Барс импекс” ХХК зэрэг томоохон худалдааны төвүүдээс орон нутагт хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тараагдаж байгаа бөгөөд “Барс импекс” ХХК өөрийн “Барс хүнс” нэгдсэн лабораторийн шинжилгээний сорилтын дүнтэй бүтээгдэхүүн худалдаалж байна. Орон нутагт болон нийслэлийн худалдаа үйлчилгээний газруудад тээвэрлэгдэн очих явцдаа хөлдөж хайрагдсаны улмаас чанар, аюулгүй байдал нь алдагдсан төрөл бүрийн жимсийг худалдаалах зөрчил голчлон илэрсэнийг тухай бүр газар дээр нь таслан зогсоох арга хэмжээ авлаа.
Мал, амьтан тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг голчлон нийлүүлдэг “Хүчит шонхор”, “Дэнжийн мянга”, “Нарантуул 1,2”, “Хар хорин”, “Барс”, “Таван эрдэнэ”, “Хороолол”, “Алтан төгрөг” зэрэг 16 худалдааны төвүүд өөрийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторид өдөрт худалдаалагдаж буй түүхий эд бүтээгдэхүүний 80 орчим хувьд мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээ хийж мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээтэй худалдаалагдаж байна. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хөдөө орон нутгаас орж ирж буй мал, амьтан тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх, гарал үүслийн гэрчилгээгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг түр саатуулан Улаанбаатар хотын мал эмнэлгийн газраас дээж авч шинжилгээнд харуулах ажлыг зохион байгууллаа.
Нийслэлийн МХГ-аас согтууруулах ундааны түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх зорилгоор “Цэлмэг туяа”, “М-Ти-Э”с, “АПУ”, “Хярын нуур”, “Би Цэ Трейд”, “Тэргүүн Трейд”, “Цэс Хайрхан” ХХК-ий үйлдвэрүүдээс нийт 51 дээж авч итгэмжлэгдсэн төв лабораторид шинжлүүлэхэд Монгол Улсад мөрдөж байгаа стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй гарлаа.
Аяны үеэр хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид дотоод хяналтын бүртгэл бүрэн хөтөлж хэвшээгүй, тоног төхөөрөмжийн угаалга, халдваргүйтгэл хангалтгүй, агааржуулалтын систем хэвийн ажиллаагүй, бялууны шошгонд хадгалах нөхцөл, хугацаа тавиагүй, түүхий эдийг хүлээн авахдаа хяналт тавьж бүртгээгүй, худалдааны газрууд бэлтгэн нийлүүлэгчээс түүхий эдийн баталгаажилт, шинжилгээний бичгийг бүрэн авдаггүй, хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг худалдаалж, хүнс үйлдвэрлэлд ашиглаж байсан, хүнс тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгслэлгүй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг боловч хөргүүрийн систем ажиллаагүй, түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнтэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй, графикийн дагуу халдваргүйжүүлэлт, шавьжгүйтгэл, ариутгал хийлгэдэггүй, бүртгэл хөтөлдөггүй зэрэг өмнөх шалгалтын явцад илэрч байсан зөрчлүүд давтагдан илрэх явдал нийтлэг байна.
Зарим худалдаа, үйлчилгээнд чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн гаргасан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ. Тухайлбал, нийслэлийн Багануур дүүргийн “Мини макс” ХХК-ий хүнсний дэлгүүр, “Найзууд” хүнсний мухлагт худалдаалж байсан ”Хүнс комплекс” ХХК-д үйлдвэрлэсэн “Илчит” хиамны нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 500-аар хэтэрсэн үзүүлэлттэй гарсан, мөн НМХГ-ын улсын байцаагчид худалдаанд гаргаж байсан 200 гаруй жимс жимсгэнэ, төмс хүнсний ногооны дээжинд ОХУ-д үйлдвэрлэсэн “Соекс” нэрийн тестерээр нитратын үлдэгдлийг газар дээр нь тодорхойлоход 19 бүтээгдэхүүнд зөвшөөрөгдөх хэмжээнээс их, “Хүдэр цонж” ХХК-ийн 100 тн төмсөнд хуурай илжрэл 16%, иргэн Н.Баясгалангийн 100 шуудай 4 тн төмсөнд фитофтор өвчин 4%-д, Төв аймгийн МХГ-аас нийтийн хоолны 7 газраас нийт 16 хоолны дээж авч, аймгийн МХГ-ын лабораторид шинжлүүлэхэд нийт дээжний 6%-д гэдэсний бүлгийн эмгэг төрөгч E.Coli тус тус илэрчээ.
Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 70 гаран хувь нь дотоод хяналтын журам, төлөвлөгөө боловсруулсан, харин 30 орчим хувь нь дотоодын хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу хийсэн тухай тайлан мэдээ, баримтыг дутуу гаргасан байсныг заавар, зөвлөмж өгч засуулах арга хэмжээ авлаа. Шалгалтанд хамрагдсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд бүгд зориулалтын тээврийн хэрэгсэлтэй, хөргөлтийн систем нь хэвийн ажиллагаатай байна. Нийт шалгалтад хамрагдсан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын ажилчдын 90 хувь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан, 10 хувийг аяны хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулсан байна.
Аяны эхний шатны хүрээнд шалгалтад хамрагдсан нийт хүнсний худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоолны газруудаас 3427 зөрчил илрүүлж үүний 2069 буюу 60,3 хувийг газар дээр нь арилгуулж бусад зөрчлийг арилгуулахаар 542 заалт бүхий 126 албан шаардлагаар хугацаатай үүргийг аж ахуйн нэгж, байгууллага, ажилтанд өгч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй зөрчил бүхий 15 газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон эрсдлээс сэргийлж ажилласан байна. Зөрчил бүхий Баян-Өлгий, Баянхонгор, Дундговь, Сэлэнгэ, Булган, Говь-Алтай, Өмнөговь, Хөвсгөл зэрэг аймгийн 120, Нийслэлийн МБС ХХК-ийн Барс-2 худалдааны төв, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “ДСА” ХХК, “Цоглог инвест” ХХК, “Цетаделле товер” ХХК, “3үрхэн мандал” ХХК зэрэг 16, нийт 136 аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу 17831,4 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж барагдууллаа. Сүхбаатар аймгийн МХГ-аас Бичигт хилийн боомтонд хийгдсэн шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг хувь хүн импортоор оруулж ирэхийг завдсаныг илрүүлж 430ш, 295 кг, 140 л хүнсний бүтээгдэхүүнийг экспортлогч улсад нь буцааж, иргэдэд хууль тогтоомжийг сурталчилж ажилласан байна.
Худалдаа, үйлчилгээний газруудад нийтэд худалдаалагдаж байсан чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хаяг, шошгын зөрчил бүхий 300 нэр төрлийн 10242,0 мян төгрөгийн хүнсийг улсын байцаагчийн актаар хураан авч аймаг, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүллээ.
Мөн холбогдох хуулиуд, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хоол, хүнсний зөв, зохистой хэрэглээ, хоол, хүнсний гаралтай халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад юуг анхаарах, сав баглаа боодлын шошгонд тавигдах шаардлага, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээс сэрэмжлэх тухай асуудлаар нийт 131 нэр төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг боловсруулан 3118 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээж сурталчиллаа.
Улсын хэмжээнд нийтээрээ эрсдлээс сэргийлэх аян зохион байгуулж аливаа гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хүнсний худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоолны салбарт дотоод хяналт хэрэгжүүлэх ажлыг аж ахуйн нэгж, байгуулага, иргэдтэй хамтран амжилттай хэрэгжүүлж ажилласаны үр дүнд 2013 оны шинэ жилийн баяр, ёслолын үеэр нийтийг хамарсан хоол, хүнсээс шалтгаалсан халдвар, хордлого гараагүй байна.
“Нийтээрээ эрсдэлээс сэргийлье” аяны хоёрдугаар үе шат цагаан сарын баярыг угтаж 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 15 хоног үргэлжилнэ.
Мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс