Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Азийн сан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, гэр хорооллын Захирагчийн ажлын алба, хороодын Засаг дарга нар болон хэсгийн ахлагчидтай хамтран гэр хорооллын 87 хороонд “Иргэдийн оролцоотой газрын зураглал хийх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүллээ.Төслийн хүрээнд дээрх газрын зураглалуудыг багтаасан цахим /онлайн газрын зураглалын сан бүхий/ www.manaikhoroo.mn вебсайт нээжээ.
Энэхүү хуудаснаас иргэд нийслэлийн гэр хорооллын 87 хорооны нийтийн үйлчилгээ, ундны усны хангамж, нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэндийн хүртээмж, хог хаягдлын менежмент, цагдаагийн хэсэг зэрэг төрөөс үзүүлж буй нийтийн үйлчилгээ, нийтийн эзэмшлийн бүс, үерт өртөх магадлал бүхий аюултай бүс, гудамжны гэрэлтүүлэг, гэмт хэрэг гарах магадлал өндөртэй цэгүүдийг тэмдэглэн харуулсан мэдээлэл зэрэг хүссэн мэдээ, мэдээллээ авах боломжтой юм.
www.manaikhoroo.mn вэбсайтны онцлог нь google газрын зургийг хэрэглэгчтэй харилцах интерфэйс хэлбэрээр суулгаж өгсөн нь хэрэглэгч газрын зураглалд тэмдэглэгдсэн үзүүлэлтүүдийг өөрийн сонголтоор олон хэлбэрээр харах боломжтой болжээ. Жишээ нь, хэрэглэгч албан бус хогийн цэг, үерийн аюултай бүсүүдийг тэмдэглэсэн үзүүлэлтүүдийг сонгож, хог хаягдал, гуу жалга, үерийн бүстэй хэрхэн холбогдсоныг харж болно.