Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Ч.Улаан өнөөдөр /2014.01.24/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.
“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр-ийн “Ажилтай, орлоготой Монгол хүн” гэсэн 1 дүгээр бүлэгт тусгагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх” зорилтын хүрээнд Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийх, энэ явцад уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.
“Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хороондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр /2014.01.24/ Гадаад харилцааны сайд Л.Болд УИХ-ын даргад өргөн барив.
Хэлэлцээрийн гол зорилго нь худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөрдөж буй болон батлан гаргах гэж буй хууль тогтоомжийн талаар хоёр тал урьдчилан мэдээлэл солилцож байх, бизнесийн орчны ил тод байдлыг хангахад чиглэж байна. Худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангахад АНУ-ын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх нь АНУ-ын төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагч нарын бодит сонирхлыг Монголдоо татах, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд мэдээлэл түгээх бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ дотоодын бизнесийн орчны тунгалаг, ил тод байдлыг хангах улс төрийн чухал дохио болно хэмээн хууль санаачлагч үзсэн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.