Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Таныг Ардчилсан намаас гарсан гэж намын удирдлагууд тань мэдэгдэж байсан. Намын гишүүн хэвээрээ байгаа юу, аль эсвэл …?
-Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхоо ажлыг хийж байна. Ардчилсан намынхан УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр намайг “Чи шударга байлаа” гэж шүүмжилсэн. Гэхдээ намынхаа гишүүн хэвээр байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсон намын их хуралдаа оролцсон. Сүхбаатар дүүргийн намын хорооноос их хуралдаа оролцсон. Намын олон нийт намайг дэмждэг. Яагаад гэхээр намд байгаа асуудлыг ил тод гарган, шүүмжлэх ёстой асуудлыг шүүмжилж, дэмжихийг нь дэмжиж явдаг учраас намын хамт олон маань дэмжиж ирсэн. “Бидний өмнөөс ингэж дуугарч байгаа чинь зөв. Энэ намын хойшдын үйл ажиллагаа цэвэр тунгалаг байх ёстой. Тиймээс эрч хүчтэй байж үнэнч шударга дуу хоолой болж ажиллах ёстой” гэж алхам тутамд хэлж байдаг.
-Намынхаа удирдлагуудтай муудалцсан удаа бий. Одоо харилцаа сайн байгаа биз дээ?
-Одоогийн намын удирдлагууддаа удаа шаардлага хүргүүлж, санал сэтгэгдлээ хэлж байсан. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа манай намын дарга нэг намын эрх ашгаас Монголынхоо нийтлэг эрх ашгийн төлөө ажиллаж байгаа учраас бид шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байгаа. Хэрэгтэй цагт нь санал шүүмжлэлээ хэлэх ёстой гэсэн байр сууртай байдаг. Том агуулгаар нь авч үзвэл, Шинэчлэлийн Засгийн газар, Ерөнхий сайдын явуулж байгаа үйл ажиллагааг манай холбоо болон миний бие дэмжиж ажиллана.
-Танай нам Засгийн эрхийг барьж байна. Намын залуучууд тодорхой албан тушаалд очлоо. Та сонгуулиас хойш ямар ажил амжуулав. Төрийн албан тушаалд томилогдоогүй юм шиг байна?
-Олон нийтийн ажил хийж байна. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхоо ажлыг хийж байгаа. Бид томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. 1990 оноос хойш Монголын ардчилсан хувьсгалд оролцож байсан олон мянган нэр нь тодроогүй баатруудаа гаргаж ирэх, дурсах, нэр төрийг нь сэргээх зорилгоор төслөө хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Төрийн ямар нэг албан тушаалд очоогүй. “Та нар энэ ажлыг хий” гэвэл бидний зүгээс цааргалах зүйл байхгүй. Манай олон залуу шийдэмгий гарч ирээд, албан тушаалд томилогдлоо. Улам эрчимтэй, шинэ арга барилаар ажиллаж байгааг олон түмэн харж байгаа байх.
-Гишүүд дэмжигчдийн холбоо гэхээр таныг л мэдэх юм байна. Танай холбоо хичнээн хүнтэй, ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Манай холбоо байгуулагдсан цагаасаа хойш улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн эрхийг 2008-2012 онд барьж байсан хүмүүст өнөөдрийн ярьж байгаа асуудлыг анх дэвшүүлэн тавьж байсан. Үүнд, Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг буцаахыг 2008 оноос шаардаж эхэлсэн. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүний эрх зүйн орчныг сайжруулах тухай асуудлыг тавьж маш идэвхтэй ажилласан. Тухайн үеийн Ерөнхий сайдад есөн удаа шаардлага тавьж улс төрийн үйл ажиллагаа явуулж байсныг та бүхэн санаж байгаа болов уу. Ийм идэвхтэй үйл ажиллагаа явуулахад намын гишүүд дэмжигчид дэмжиж ажилладаг. Манай холбоо долоон аймаг, нийслэлийн дүүргүүдэд салбар зөвлөл байгуулаад ажиллаж байна.
-Та Ардчилсан намын аль фракцид харьяалагдаж байна?
-Залуучуудтайгаа хамт байдаг. Аль болох эрүүл саруул, намынхаа залуу гишүүдийн дунд байхыг боддог. “Нэг ардчилал” гэж фракци бий. Энэ фракцид хамаарагддаг.
-УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангайн Ардчилсан нам тааруу үр дүн үзүүлсэн гэж хэлж болно. МАН-ын нэр дэвшигчид нь мөнгө тараасан хэргээр ялалт авч чадаагүй. Г.Батхүү, Д.Зоригт нарыг бага санал авахад таныг нөлөөлсөн, нэр хүндэд нь халдсан, хагарган бутаргасан гэсэн шүүмжлэл байдаг юм билээ?
-Би Өвөрхангайн Ардчилсан намын даргын хувьд 20 жил аймгийн удирдлагыг авч үзээгүй, зорилго хөтөлбөрөө хэрэгжүүлж үзээгүй намынхаа мянга мянган гишүүдийн төлөө ажилласан. Үүнийг аймгийн намын гишүүд ойлгодог. Миний зорилго бол УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуульд ялалт байгуулах байсан. Энэ зорилгоо биелүүлэхэд одоо УИХ-д суусан Г.Батхүү, Д.Зоригт нар үнэхээр хайхрамжгүй хандсан. Тэд хувиа хичээсэн ажил хийсэн. Ер нь Өвөрхангайд болсон энэ асуудлыг шалгах тогтоох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Увс аймгаас сонгогдсон хоёр гишүүнийг эргүүлэн татах асуудал яригдаж байна. Энэ хоёр хүн мөнгө тараасан бол Г.Батхүү, Д.Зоригт нар үүнтэй адилхан хууль зөрчсөн ажил хийсэн. Увс аймагт мөнгө тараасан асуудлыг ярьж байгаа бол Өвөрхангайн Ардчилсан намын нэр дэвшигчид мөнгө тараасан, хууль зөрчсөн асуудлыг ч сөхөж хууль зөрчсөн асуудалд хариуцлага тооцох ёстой.
–Хууль зөрчсөн хүмүүст хатуу хариуцлага тооцох асуудлыг Сонгуулийн тухай хуульд оруулсан ч энэ нь ялгавартай хэрэгжлээ гэж харахаас өөр аргагүй юм?
-Бид Сонгуулийн тухай хуулиа баталсан. Хуулийг боловсруулахдаа сонгууль ардчилсан хэлбэр дүрстэй явахаас гадна, ардчилалын үнэт зүйл болсон сонгуулиа шударга, луйваргүй явуулах үүднээс Эрүүгийн хуульдаа хүртэл өөрчлөлт оруулсан. Өвөрхангай аймагт болсон энэ асуудал бол цэвэр эрүүгийн хариуцлага хүлээх, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал. Тийм учраас Г.Батхүү, Д.Зоригт нараас болж тэнд байгаа олон мянган иргэн хэлмэгдэж болохгүй. Гэтэл Увс аймагт сонгуулийн үеэр мөнгө тараасан хэргээр иргэд нь хэлмэгдэж, мөнгө тараалгуулсан хүмүүс нь УИХ-д сууж байгаа байхгүй юу. Үүнтэй адилхан зүйл Өвөрхангайд болсон. Ер нь Өвөрхангайд АН, МАН, МАХН-аас нэр дэвшсэн хүмүүс бүгд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. Тийм учраас Өвөрхангайд дахин сонгууль явуулах ёстой гэсэн байр суурьтай байдаг.
-Танай намын Үндэсний зөвлөлдөх хорооны ротацийн сонгууль хэзээ болох вэ. Уг нь аль хэдийн хуралдах ёстой гэдэг юм билээ?
-Эрх баригч намын өвчин гэж байна. Энэ өвчин даамжирсан. Манай намынхан дүрмээ шинэчилэх асуудлыг хөндөж ярьсан. Харамсалтай нь намын дүрмээ өөрчлөх асуудал гацаанд орсон байгаа. Хэсэг бүлэг хүмүүс боловсруулж, найруулж байна гээд хав дарсан. Ингэхдээ бүрэн хэрэгжиж байсан намын дүрмийн тодорхой заалтуудыг хасаж дур мэдэн өөрчилсөн юм. Таны хэлсэнчлэн Үндэсний зөвлөлдөх хороо жил бүр хуралдаж гуравны нэг нь шинээр сонгогдож байхаар тусгасан байсан дүрмийн заалтыг аваад хаячихсан. Тэгэхээр одоо ҮЗХ-ны ротацийн сонгууль болохгүй гэсэн үг. Энэ бол хэсэг хүмүүс, фракциуд үгсэн хуйвалдаж намын жирийн гишүүн, дэмжигчдийг удирдах байгууллагад орж ажиллах замыг нь боомилж байгаа хэлбэр юм. Зөвхөн өөрсдөө энэ намыг удирдаж эрх мэдэлтэй байх гэсэн явцуу эрх ашиг үйлчилж байгаа гэж шүүмжилдэг. Үүнийг сүүлд байгуулагдсан намын шинэчлэлийн байгууллагууд жирийн гишүүд ч байнга хэлж байгаа.
-Дарханы АН-ын залуус намын шинэчлэлийн асуудлаар нэлээн хүчтэй байр сууриа илэрхийлсэн ч амжилтад хүрсэнгүй?
-Намын үнэт зүйл бол дүрэм шүү дээ. Тэр хамгийн үнэтэй зүйлүүдээ түүгээд авчихсан. Гэвч ардчиллын агаар салхи ороогүй ямар ч нийгмийн үед тусдаг өвчин АН-д туссан. Тиймээс намын дүрмийг шинэчлэн баталж, намын их хурлыг хуралдуул гэсэн шаардлага хүргүүлэх ёстой юм. Ер нь намын ажил гэхээсээ илүү улс орны эрх зүйн шинэчлэлд санаа зовж байна л даа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан шүүх эрх мэдлийн эрх зүйн талаарх шинэчлэлийн ажлыг УИХ улам эрчимжүүлж ажиллахгүй бол асар их цаг алдаж байна. Энэ цаг алдсан байдлаас үүдээд нийгмийн сэтгэл зүй, эдийн засагт хохирол учруулах шинжтэй болоод ирлээ. Тиймээс хууль хүчний байгууллагын эрх зүй, ажиллах чадамжийг нь сайжруулах, хэрэгтэй гэж УИХ-ын гишүүдэд уриалж байна. Ялангуяа Ардчилсан намынханд сонгуулийн амлалт байгаа учраас илүү түлхүү ажиллах хэрэгтэй байна.
-Засгийн газар мөнгө босгохоор чармайж байна. Чингис, Самурай бонд гээд зээл тусламж гаднаас их авч байна. Энэ нь бүтээн байгуулалтыг эрчимтэй явуулах, эдийн засгаа өөд нь татах боломж гэж харж байна л даа. Таны хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг ерөнхийд нь дэмжиж байна. Гэхдээ нэн яаралтай хэрэгжүүлэх хэд хэдэн ажил байна гэдгийг ойлгох хэрэгтэй. 1922 онд Орос улс цахилгаанжуулах төлөвлөгөө гэж боловсруулж ажиллаж байсан. Тэр төлөвлөгөөний дагуу Орос орон цахилгаанжсан. Тэгэхээр Засгийн газар цахилгаанжуулах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Бидэнд асар их эрчим хүчний нөөц бий. Хэрвээ бид улсаа цахилгаанжуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадах юм бол хөгжих боломж нээлттэй харагддаг. Бид утаанаасаа салж болж байна. Ядуу зүдүү байдлаасаа салах боломж бий. Энэ төлөвлөгөө бол хөгжлийн суурь нь болох юм. Тийм учраас Засгийн газар энэ асуудлыг хэрэгжүүлээсэй гэж Ерөнхий сайдад үг дайя.
-Ярилцсанд баярлалаа.
Т.Амартүвшин
Улс төрийн тойм сонин