2014 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 03-ны өдрийг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарлажээ. Энэ өдрийг угтаж “Амьд амьтнаар бахархая” сэдэвт хэвлэлийн бага хурал өнөөдөр БОНХЯ-нд боллоо.
БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга хурлыг нээж, “… Байгалийн амьтан, ургамал нь хүн төрөлхтөнд юугаар ч орлуулашгүй экологийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, аялал зугаалга, гоо зүй, тогтвортой хөгжил гээд нийгмийн бүхий л салбарт үнэтэй хувь нэмэр оруулдаг. Байгалийн амьтан, ургамлын өдрийг тэмдэглэх болсноор амьтан ургамлыг сурталчлах, хамгааллыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Сүүлийн үед хүмүүс хууль бусаар агнасан амьтдын зургийг бахархал болгож цахим ертөнцөд тавих болсон.
БОНХЯ 2014 онд ахуйн зориулалтаар нэг ч амьтан агнах тоо хэмжээ тогтоогоогүй. Иймд манай яам Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасагтай хамтран цахим ертөнцөөр цацагдаж буй амьтан алсан мэдээлэлд шалгалт хийж байна”… гээд алсан амьтдаар биш, амьд амьтнаар бахархая, ан амьтан руу чиглүүлдэг галт зэвсгээ фото аппаратаар сольж, байгалийн сайхан, амьтан ургамлын үнэ цэнийг харуулсан цахим сурталчилгаанд нэгдэхийг Монгол Улсынхаа иргэд, залуучуудад уриаллаа.
Улсын мөрдөн байцаах газраас цахим мэдээллийн хэрэгслээр тархсан 4 зургийн 3-ыг нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, торгуулийн арга хэмжээ авах саналтайгаар прокурорт шилжүүлсэн, нэгийг нь харъяаллын дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газарт шилжүүлээд байгаа, шалгалтаар хууль бус агнуур гэдэг нь нотлогдсон тохиолдолд эдгээр гэрэл зураг дээрх хүмүүс хуулийн хариуцлага хүлээх болно гэдгийг УМБГ-ын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Гантулга хэлэв. Тухайлбал:
Саарал чоныг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд 1,200,000-1,020,000 төгрөгөөр,
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан тохиолдолд 15,000,000-13,000,000 төгрөгөөр,
Зэрлэг гахайг хууль бусаар агнасан тохиолдолд 1,400,000-1,600,000 төгрөгөөр,
Цагаан зээрийг хууль бусаар агнасан тохиолдолд 1,100,000-1,000,000 төгрөгөөр,
1 толгой тарвага агнасан тохиолдолд 360,000-400,000 төгрөгийн тус тус нөхөн төлбөр төлж, зөрчил гаргасан үйлдлээс шалтгаалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-оос 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлж, амьтанд учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм.
Хурлын төгсгөлд “Ан амьтан хамгаалах нийгэмлэг” ТББ-аас “Алсан амьтнаар биш, амьд амьтнаараа бахархая” урианд нэгдэж, зөв амьдрах зан үйлийг сурталчлахыг нийт иргэддээ уриаллаа.
Д.ЯЛГУУН