Есөн сумын нутагт өндөржүүлсэн бэлэн байдал тогтоов

Шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газар тогтоол гаргалаа. Өвчин тархсан гурван аймгийн есөн сумыг энэ сарын 14-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Ингэснээр тухайн бүсэд хамрагдсан аймаг, сумдаас хүн, малын шилжилт хөдөлгөөн хийх, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх, тээвэрлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм. Засгийн газрын тогтоолын дагуу хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон бүсэд Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Их хэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутаг дэвсгэрийг, хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Дорноговь аймгийн Өргөн, Сайхандулаан, Даланжаргалан сумын нутаг дэвсгэрийг оруулсан байна. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, нийслэлийн Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Баянзүрхийн товчоо, төмөр замын IV зөрлөг, Яармагийн товчоонд ариутгал, халдваргүйжүүлэлтийн пост, хяналтын цэгүүд байгуулж ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Шүлхий гарсан есөн сумын 324 өрхийн 655817 малыг үзлэг тандалтад хамруулж, 831 толгой мал өвчилснөөс 657 толгойг нь зориудаар устгажээ. Өвчний голомтод Онцгой байдлын ерөнхий газар, аймгуудын гамшгаас хамгаалах албадын 846 хүн, 166 техник хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байгаа ажээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Хүй долоон худагт энэ сарын 23-нд товлоод байсан “Дүнжингарав-2014” төвийн бүсийн уралдаан, Өвөрхангай, Өмнөговь аймагт ирэх сард төлөвлөсөн хангай, говийн бүсийн морин уралдааныг цуцалжээ.

Д.Бинди

index

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …