Ц.Лоохууз: Бэрхшээлийн өмнө битгий бууж өг. Сөрж амьдраарай

gАрдын их хурлын орлогч дарга, Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, цогтой тэмцэгч Цогт-Очирын Лоохууз гуайг “Ярил­цах танхим”-даа ури­лаа. Монгол Улсын улс төрийн гурван үеийн түүхийг бичилцсэн энэ буурайгийн амнаас гарах үг бүхэн нь үнэтэй аж. Доогтой инээмсэглэж, хамрын тамхи үнэрлэх эрхмийн үг хэзээ ч үнэ цэнээ алдахгүй болов уу. Ц.Лоохууз гуайн яриаг уншигч таниа өргөн баръя.

-Та сайхан хаваржиж байна уу. Таны бие тэнхээ сайн уу?

-Сайхаан. Чи сайхан хаваржив уу.

-Сайхаан. Төрийн ордонд ямар ажил амжуулж явна. Ордонд нэвтрэх үнэмлэхтэй юм уу?

-Үнэмлэх бий. УИХ-д бүртгэлтэй байдаг учраас үнэмлэх олгосон юм. Ерөнхий сайдтай уулзаад гараад ирлээ. Утаа дэлхийн цаг агаарыг өөрчилж байна. Үүнд Монгол зохих ёсоор сөргөөр хувь нэмэр оруулж байгаа байхгүй юу. Тэгэхээр улсын хэмжээгээр утаагүй болох мод түлдэгийг зогсоох шаардлагатай. Дэлхийн бусад улс энэ зүйл рүү орчихсон байна. Тарианы солом, хог өвсөөр цахилгаан гаргаж авах тийм био технологи руу шилжиж байна. Цахилгаан дулаан гаргадаг машиныг хувь хүн хэрэглэдэг болж. Үүнийг шууд нэвтрүүлбэл ингэж заваарч ажил хийсэн болж байснаас илүүтэй цаг их хожино. Үүнийг хийхээр хөөцөлдөж байгаа нэг хүн бий. Тэр маань дээшээ танил тал муутай орж чаддаггүй. Тиймээс тэрнийг нэг хүлээж аваач гэж Ерөнхий сайдад орж уулзахдаа хэллээ.

-Таныг уран бүтээл туурвиж байгаа гэж сонссон?

-Хэд хэдэн ном гаргасан. Тэр нь голдуу намайг мэдэх, надтай хамт ажиллаж байсан хүмүүсийн дурсамж маягийн номнууд юм.

-Төрийн жолоог атгалцаж явсан хүний хувьд одоогийн төрийн бодлогод хэр сэтгэл хангалуун байна. Эндээс гол яриагаа эхлүүлье?

-Улс хөгжиж байна. Даанч удаан явагдаж байна. Би жаахан түргэн зантай. Ашигтай юмыг түргэн хэрэгжүүлэх тийм үзэл санаатай хүн. Ардчилал бий болж мал хөрөнгө, байшин барилгыг хувийн өмч болгож өгсөн. Үүний үндсэн дээр урьд нь одон медаль амласан ч өсдөггүй байсан мал 50 саяд хүрлээ. Байшин барилга гайхалтай богино хугацаанд баригдаж, дэлхийн соёл иргэншлийн хэмжээнд хүрч байна. Энэ бол сайхан хэрэг. Ингээд Монголын ард түмэн залуу үеийнхэн бахархмаар сайхан нийгэмтэй золгосон. Энэ нь азтай зүйл. Монголын ард түмэн баяжина, ухаарна, эрдэмтэн мэргэд ч их төрнө. Монгол орон гайхалтай, Азийн баруудын нэг болох тийм хувь тавилан бий. Тийм итгэл ч байна. Шинэчлэлийн Засгийн газрын залуучууд үүнийг хийх гэж оролдож, идэвхтэй сайн ажиллаж байна. Миний залуу байхад атар газар эзэмших талаар гаргаж байсан идэвх чармайлт санаанд орж байна. Энэ хүүхдүүдийн ажил амьдралд их баяртай байдаг. Ардчилсан хувьсгал Монгол хүнийг эх орон ч, эрх чөлөөтэй болгож өгсөн. Энэ бол манай Монголыг цаашаа хөгжих, ард түмэн нь баялаг чинээлэг амьдралтай, ийм хүн болж хөгжих үндсийг тавьж өглөө. Өнгөрсөн 30-аад жилийн дотор энэ процесс явагдлаа.

-Та их өөдрөг бодолтой яваа юм байна. Хуучин социализмын үзэл сурталыг шүүмжилж, өөр шинэ зүйл хүсч явсан хүний хувьд өнөөдөр тэр цаг үе бий болсон уу.

-Чадаагүй нь юу байх уу. Энэ шинэ үзлийг хэрэгжүүлэхэд манай хуучин үзэл их саад хийлээ. 20, 30 жил саад боллоо. Бүр нүдээрээ харж байна. Ердөө хэрэгтэй юмыг хэрэгжүүлэхгүй, саад болдог. Энэ дотор бохир булай, нийгмийн амьдралд байж боломгүй зүйлийг хэрэгжүүлэх, эрх мэдэлтэй байх, өөрсдийгөө магтуулах, эрх мэдлийг хүчээр авч хэрэгжүүлэхийн төлөөх муу үзэл нэлээн удаан хугацаанд хэрэгжлээ. Энэ бол ардчиллыг урагш явуулахгүй саад хийсэн. Маш илэрхий. Одоо ард түмэн хоног хоногоор үүнийг ойлгож байна. Тэгэхээр цаашид саад бэрхшээл багатайгаар нийгэм урагшаа явах байх аа.

-Та аль намын гишүүн бэ. АН-ын үйл хэргийг дэмжиж явдаг юм шиг байна?

-1990 оноос хойш МАХН-ын гишүүнчлэлийн эрхийг эргүүлж өгсөн боловч хэлмэгдүүлчихээд, ямар нүүрээрээ цагаатгаж байгаа юм гэсэн бодолтой байсан. Тэгээд хэлмэгдсэн улсууд Ардчилалд орсон. Тэрнээс хойш ардчиллын эгнээнд явж байна. Ардчилал бидний санаанд нийлдэг. Манай Монголыг Оросын эрхшээлээс гаргаж тусгаар тогтносон улс болгож өглөө. Монголын ард түмнийг коммунизмын үзэл, эдийн засаг, улс төрийн талаар, хамгийн гол нь оюун санааны талаар хоцрогдсон бусдын заавраар явж байдаг хэлтэй, хоёр хөлтэй мал маягтай болгосон. Энэ бол хамгийн аюултай нүгэл. Үүнээс чөлөөлж эрх чөлөөтэй болгож өгсөн.

Би уг нь Коммунизм, Социа­­лизмын үзэл гэдгийг Монгол оронд анх нэвтрүүлэх зорилгоор бэлтгэгдсэн гэж ч хэлж болно. Итгэл үнэмшилтэйгээр, хэрэгтэй гэж сурталчилж байсан. Үүнийгээ хэрэгжүүлэхээр итгэл хүлээж суртал ухуулгын, удирдах, зохион байгуулах ажил хийж байлаа. Өөрөөр хэлбэл, Намын төв хорооны суртал ухуулгын ажилтнаар ажиллаж байлаа. Аймгийн намын хорооны даргын ажил ч хийсэн. Тэгээд сүүлдээ бүр яамны сайд, Монгол оронд атар газар эзэмших шинэлэг тийм ажил зохион байгуулагдсан. Түүнийг удирдах ажлыг эрхэлж байлаа. Сүүлд ажлын явцад миний сурталчилж байсан үзэл санаа өөрчлөгдсөн.

-Яагаад өөрчлөгдсөн гэж?

-Нэг л амьдралаас хөндий, үнэн бодит байдалд зохицол муутай, голдуу сүржин хоосон, худлаа байдал нь амьдралд харагдсан. Коммунизмын үзэл нь дэлхий дээр нэвтрэхдээ хүнийг айлган сүрдүүлэх арга барилаар хүчтэй хэрэглүүр болж хэрэглэгдсэн. Энэ үзэл анх Европт Марксын үзэл гэж гараад тэрнийг Ленин Орост авчирж хэрэгжүүлсэн. Жинхэнэ хэрэгжүүлсэн хүн нь Ленин, Сталин. Оросын цагаан хааныг эхнэр хүүхэдтэй нь олны өмнө алах ажлыг Ленин хийсэн гэдэг. Тэгээд ч Оросын дээгүүр сэхээтэн, соён гэгээрүүлэгч улсуудыг устгах ажлыг их өргөн хүрээтэй явуулсан. Ингээд нийт ард түмнийг айлган сүрдүүлэх нь, Коммунизмын үзлийг хэрэгжүүлэх арга болж хэрэгжсэн. Энэ үзлийг хэрэгжүүлэх орон нь манай Монгол Улс болж хувирч билээ. Оросын Коммунист нам Монголыг эзэмдэх, улс төрийн бодлого хосолж хэрэгжсэн юм. Үүгээрээ онцлог. Монгол Улс Хятадын эрхшээлд 200 жил байсан. Тэрнээсээ гарч шинэ Оросын хараат болсон. Монголд буддын шашин хүчтэй нэвтэрсэн. Энэ бол Хятадын Монголыг эзэмдэх, өөрийн эрхшээлд номхон хүлцэнгүй байлгахын тулд төрийн бодлогын үүднээс нэвтрүүлсэн зүйл. Тухайн үед Монголд улс төрийн хүчин бэлтгэгдэж байсангүй. Харин Орос өөрийн эрхшээлд захирахын тулд улс төрийн бодлогыг боловсруулсан. Оросуудын айж байсан юм нь нэгдүгээрт асар өргөн дэлгэрсэн буддын шашин байсан. Оросын үзэл санааг анх эсэргүүцсэн хүч нь шашны лам хуваргууд. Ингээд Монголыг Хятадаас тусгаарлах ялалтад үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь шашны голдуу сэхээтнүүд, эх орончид байлаа. Нөгөө талаас монголчууд эртнээс, Чингис, Хүннүгийн үеэс эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байсан. Төв азийн элгэнд бие даасан их Монгол Улсыг байгуулж байсан түүхтэй. Хэзээний их гүрний улбаатай, удирдах чадвартай эх орончид байсан. Үүнээс Оросууд айсан.

-Оросууд буддын шашны үзлийг нухчин дарахаас гадна манай томоохон сэхээтнүүдийг дарах бодлого явуулсан гэдэг юм билээ. Та энэ талаар нэлээн юм хэлэх байх?

-Монголд нэгдүгээрт шашны үзлийг үгүй хийх замаар сүсэгтэн олныг айлгаж лам нарыг баривчилж, олон нийтийг хамарсан аллагыг явуулсан. Нийт 20, 30 мянган лам нарыг алсан. Энэ бол нийт монголчуудыг айлган чичрүүлэх, үг дуугүйгээр колончлох бодлогыг албан хүчээр тулгасан хэрэг байхгүй юу. Нөгөө талаар тэр цагаан ястан, хуучин тайж угсааны хүмүүсийг нийтээр нь баривчилж, хөрөнгийг нь хураах, алах түрэмгий бодлого явуулсан. Мөн 1911 оноос 1920 оны хооронд Монголтой чөлөөтэй эдийн Засгийн харьцаа бий болгож, хувийн өмчтэй болох асуудал хөгжиж эхэлсэн. Гэвч тэр эдийн засгийн биеэ даасан, хувийн өмчтэй байхыг хавчих бодлого явуулсан. Ингээд ирэхээр өөрийн гэсэн эдийн засаг, улс төрийн бодлого байхгүй болж, колончлогдож, Оросын эдийн засгийн хэлбэрийг тэр чигээр нь хуулахаас өөр аргагүй болсон юм. Монголынхоо эдийн засаг, улс төрийн бодлогыг удирдах улс төрийн хүчин, шинэ кадр ч байсангүй. Бүгд 20,30-аад оны хэлмэгдүүлэлтэд өртсөн. Тиймээс дөнгөж бага сургууль, техникум төгссөн мань мэтийн залуучууд шинэ үеийн улс төр, эдийн засгийг түшилцэж ажиллахаар болж байлаа. Тэр дунд миний бие энэ үзлээсээ татгалцах, эргэлцэх байдал руу орж эхэлсэн. Үнэн юм их ховор. Дандаа худлаа магтах, муу юмыг сайн гэж дэвэргэх, бүтээмж гаргаагүй хүнийг сайн болгох хандлага гарсан. Энэ нь мань мэтийн бодит амьдралаас гарсан хүмүүст таалагдаагүй.

Гадны хүчний өмнө үүрэг гүйцэтгэж байгаа итгэл хүлээсэн манай удирдах хүмүүс улс үндсээ, эдийн засгийн бодлогоо гэсэн ард түмний амьдралыг сэргээх талаар ажиллах бололцоо байсан. Манайд үйлдвэр хөгжөөгүй. Нүүдлийн таван хошуу мал аж ахуй эрхэлсэн, тариа ногоо тарьдаггүй эдийн засагтай орон. Тэгэхээр амьдралд, улсын эдийн засгийг нөгөө таван хошуу мал хангаж чадахгүй болохоор гаднаас бэлэнчлэхээс өөр аргагүй болсон. Иймээс том гүрнээс зээл нэртэйгээр авч байлаа. Зээлийн өрөнд орж бүх юмаа гуйдаг. Гэхдээ нөгөөдүүл нь гуйсан бүгдийг биелүүлэхийн тулд ярьшиг ихтэй байсан. Идэж уух, эдлэж хэрэглэх гээд бүх зүйлийг нь нийлүүлнэ. Гэтэл Орос өөрсдөө бас эдийн засаг сайнгүй. Тэгэхээр манайхыг өөрсдөө ядахдаа ойр зуурын идэж, уух эдлэж хэрэглэх зүйлээ хийхийг Орос гүрэн хүлээж байсан. Биднийг “Та нар бүх юм аа битгий гуйгаач. Гол зүйлээ ав. Ойр зуур юмаа өөрсдөө хий” гэсэн. Тэрнийг нь ашиглаж эдийн засгаа сэргээх бололцоо манайд байсан. Манай дээд удирдлага дотор энэ хараа их дутагдалтай байж харалган бодлого явуулж ирсэн. Энэ талаар бид санал нийлэхгүй, зөрөлдөх зүйл их. Хоёр ч удаа намын бүгд их хурлаар тэр үеийн гол итгэлийг хүлээсэн Ю.Цэдэнбал даргатай удирдлагуудыг шүүмжилсэн.

-Анх удаа шүүмжилсэн нь хэдэн он бэ?

-1956 онд аймгийн намын хорооны дарга байхдаа Ю.Цэдэнбал даргыг шүүмжилсэн. Тэрнээс болж жаахан хавжлагад орсон. Тэгээд надад атар газар эзэмших даалгавар өгч ажлуулсан. Улсын даалгаварыг биелүүлэхийн төлөө нойр хоолгүй үзэж, дайчилж ажилласан. Атар газар эзэмших ажил арваад жил үргэлжилсэн. Надаар тэр ажлыг хийлгэх сонирхолтой байхгүй юу. Би ч тэднийг нэг их дахин шүүмжлээгүй. Ажлаа сайн хэрэгжүүлэхэд хугацаа их зарцуулсан. Гэвч сүүлдээ намайг хавчих хандлага руу орж эхэлсэн юм. Тэр үед үзэл санаа нэгтэй Монголын сэхээтэнгүүд Төмөр-Очир, Цэнд гээд том улсуудыг ажлаас нь халж эхэлсэн.

-Таныг яасан бэ. Мөн ажлаас тань чөлөөлсөн үү?

-Ажлаа өгөөд өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлнэ гээд Орост эрдмийн зэрэг хамгаалахаар сургуульд явсан. Улмаар 1964 онд сургуулиа арай төгсөөгүй байхдаа намын төв хорооны бүгд хурлаар ирж Ю.Цэдэнбалыг ул үндэстэй, нэлээн сайн шүүмжилсэн. Тэрүүгээр далим хийж, намын эсрэг бүлгэм зохион байгуулсан нэрээр Нямбуу, Сурмаажав бид гурвыг “Улс төрийн дайсан бий боллоо” гэж худлаа дэвэргээд нам төрийн удирдлагаас зайлуулж, малчин, хоньчин, үхэрчин болгож байлаа. Тэгээд малчин болоод түмэн олны дэмжлэгтэйгээр ажиллаж амьдраад өөрийн гэсэн идэх уух амьдралтай байж байтал түүгээр маань далим хийж хориотой үйлдвэр явуулсан, дамын наймаа хийсэн гэж гэмт хэрэгтэн болгож шоронд хийсэн. 1976 онд шоронд орсон. Түүнээс хойш шоронгоор бараг арваад жил шахуу явсан. Түүний дараагаар нутаг заагдана гэж байдаг. Нутаг заалтад мөн гурван жил боллоо. Тэгээд дараа нь хэлмэгдлийн амьсгаа буураагүй. Гэмтэн маягтай үзэгдэж явлаа. Түүнээс хойш 1990 онд ардчиллын хөдөлгөөн өрнөж, Ардчилсан хувьсгал ялсан. Энэ ялалт биднийг аварч, цагаатгаж, гэм зэмгүй хүн болгож, үнэн мөнийг олгож өгсөн түүхтэй.

-Та Орост боловсрол эзэмшсэн мөртлөө яагаад тэр орны, тухайн үеийн үзэл суртлыг хатуу шүүмжлэх болсон юм бэ. Сонин санагдаж байна?

-Юм ойлгодог хүн бол бодит байдал дээр хүлээж авахааргүй санагдсан. Би олон мянган хүнийг удирдаж байлаа. Мэдэхийг хүсдэггүй, хэлснийг хийдэг. Ийм болсон. “Би мэдэхгүй, бригадын дарга л мэднэ” гэдэг. Улс даяар ийм байлаа. Мэдэх, санах юм байдаггүй. Тэр ажлаа яаж өөрчлөх үү, сайжруулах уу гэдгийг мэддэггүй. Тийм нэг механик хүн болцгоосон байсан. Хүн тийм болохоор улс яаж хөгжих үү. Энэ эргэлзээ төрүүлдэг юм. Хуучин нийгмийн үзэл санаа бүтэн 100 жил хэрэгжсэн. Үзэл санаа хүний оюун санаанаас амар гардаггүй. Коммунизмд нэг хүний заавраар эмх замбараатай явж байсан гээд магтах юм бий. Гэвч нийгэмд бий болгож байгаа сөрөг аюулыг бодох ёстой.

ШУДАРГА БИШ НИЙГМИЙН ҮЗЭГДЭЛТЭЙ ХАЛЗ ТЭМЦСЭН

-Таныг хэлмэгдүүлэх шийдвэр гарахад хэрхэн хүлээж авсан бэ?

-Гайхсан. Эрүүл саруул ухаантай хүн шийдмээргүй зүйл шийдсэн. Түүнд нь гайхаж, элэг доог болгож л өнгөрөөсөн. Манай түүхэнд тийм бохир, харанхуй бүдүүлэг, харгислалын шинж чанартай зүйл болж улс төрийн хүрээнд хэрэгжсэн юм даа. Ард түмэн нь бүдүүлэг, ухамсар ойлгоц муутай, аймхай байдлыг ашиглаж энэ өнгөрсөн нийгмийн засаг төрийг барьж байсан хүмүүс дураараа авирласан.

-Арваад жил хоригдоод, нутаг заагдаад нийт 20 гаруй жил хэлмэгдэж хүнд хэцүү үеийг туулсан. Мэдээж гомддог байх?

-Юунд гомдох вэ дээ. Нийгмээрээ тийм байсан юм чинь. Тэр үед хүн болж төрсөн учраас хатуу нийгмийг үзлээ. Эс үзсэн ч өөр хүн үзэх ёстой. Надад тохиолдсон гээд гомдоод байх юм алга. Энэ шударга биш нийгмийн үзэгдэлтэй халз тэмцсэн. Тэр шударга биш зүйлийн аяыг нь дагаагүй, буруугүйг нь буруу, зөвийг нь зөв гэж өөрийнхөө ойлголтоор халз тулж тэмцсэн. Энэ нь амьдрах арга ухаанд намайг сургасан. Амьдралд гүнцгий оруулж өгсөн. Юманд дандаа сөрөг тал гэж бий. Хэчнээн муу муухай юм байлаа ч гэсэн түүнийг сөргөж ажилласан учраас надад амьдрах ухаан суулгасан. Үүнд нь баяртай явдаг. Иймээс хүн амьдралд тулгарч байгаа яльгүй бэрхшээлийн өмнө битгий бууж өг. Сөрж бай. Түүний үнэн учрыг олохыг бод. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ” гэсэн хуучны үг бий.

-Хэлмэгдэхийн хажуугаар гэр бүлийн хүн, хүүхдүүд тань мөн хэлмэгдсэн шүү дээ?

-Үнэн. Хоёр хүү, хоёр охинтой. Тэдэнд минь хүнд зүйл их тохиолдсон. Сургууль соёлоор явж чадаагүй. Хар бор ажилд орох гэхээр эсэргүүний хүүхэд гээд хүн амьтан нүд үзүүрлэдэг. Нялх нярай, юм ойлгоогүй байгаа хүүхдүүдийг минь нийгэм их хүйтнээр хүлээж авсан. Тэр бүгдийг сөрж амьдарна гэдэг хэцүү. Хүүхдийн амьдралд ч их нөлөөлсөн.

-Таныг цагаатгах тогтоол гарахад юу бодож байв. Яаж хүлээж авсан бэ?

-Үнэн юм үнэнээрээ. Төмөр-Очир, Сурмаажав биднийг улс төрийн талаар цагаатлаа гэж тогтоол гаргасан. Намайг шорон оронд орж байсан болохоор эдийн засгийн талаар их бохир гэнэ. Түүнээс эдийн засгийн эсвэл улс төрийн талаар цагаатлаа гэсэн ойлголт байхгүй. Үнэн юм үнэнээ оллоо. Тэгнэ ч гэж итгэж байсан. Тийм учраас итгэлтэй, баяртай байдаг юм. 90 оноос хойш эрх чөлөөгөө олсон. байдаг юм. 90 оноос хойш эрх чөлөөгөө олсон.

Х.ЧОЙБАЛСАН МОНГОЛ ОРОНГ ТУСГААР ТОГТНОСОН УЛС БОЛГОХ ЗОРИЛГО АГУУЛЖ АМЬД ХОЦОРСОН ХҮН

-Х.Чойбалсан гуайн тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Х.Чойбалсан гуай арай өөр. Анхны долоо гэж МАН-ыг анх санаачилж үүсгэн байгуулсан хүмүүс бий. 1920-1930 оны хугацаанд энэ хүмүүс цөм алагдсан. 1911 оны үндэсний тусгаар тогтнолын их хувьсгалд голлон оролцсон хүмүүст манай хойд гүрэн, Сталингууд их дургүй. Тэр бол жинхэнэ эх орончид байхгүй юу. Эх орончидтой хамтарч ажиллах дургүй, тэднийг алах, буруутгах замаар бүгдийг устгасан. 1930-аад оны үед том албан тушаал өгье гэхэд татгалзсан хүмүүс алагдсан. Тэднээс амьд үлдсэн ганц хүн нь Х.Чойбалсан. Яагаад амьд үлдсэн нь учиртай. Х.Чойбалсангийн нүдэн дээр тэр улсуудыг алчихаар, бодлогыг нь эсэргүүцвэл алагдах л зам үлдэнэ биз дээ. Түүний амьд үлдэж байгаа нь улсынхаа тусгаар тогтнох бодлогыг биелүүлэхэд хүчин зүтгэх энэ санаагаа хэрэгжүүлэх далд бодлого хадгалж амьд үлдсэн. Х.Чойбалсангаар Орост юу хийлгэсэн нь мэдэгдэхгүй нэг жил орчим хорьсон. Олон асуудал тулгасан. Тэрнийг нь хүлээн зөвшөөрсөн. Тэгээд шашныг устгах ажлыг би удирдая гэж хүлээсэн хүн. Тэртэй тэргүй, Х.Чойбалсан тэр ажлыг хийхгүй ч өөр хүнээр хийлгэнэ. Тэр шашны үзлийг устгах бодлогыг нь удирдсан ч Монгол оронг тусгаар тогтносон улс болгох зорилгыг  агуулж хоцорсон хүн.

-Та Х.Чойбалсантай хэдэн жил хамт ажилласан бэ?

-Арваад жил доод удирдлагад нь ажилласан. Нэг жишээ дурьдая. Би Чингис хааныг бол мэдээж үзээгүй. Номноос уншсан. Нагац ахыгаа өөр эрх мэдэлтэй хүнд урваад мал хуйгаа туугаад, Чингисийн авгай хүүхдийг Хэнтий нуруунд орхиод явсан байдаг. Дараа нь Чингис хаан байлдаад нагац ахыгаа барьж ирсэн. Тэгээд нурууг нь ах дүүгийнхээ өмнө хугалж ал гэж шийдвэр өгч алуулсан. Чингис хааныг яагаад нагац ахыгаа алуулж байна гэж хүн бүхэн үзнэ биз дээ. “Би ганц хүн биш, Монголын ард түмнийг удирдсан хаан. Тэгэхээр урвасан хэн ч байсан ийм ялыг эдлэх ёстой” гэж ахдаа алах ял хүлээлгэж байсан. Чингис хаан тийм л шударга байсан. Төрийг удирдаж буй хүн тийм л шударга байх ёстой.

Х.Чойбалсан тиймэрхүү шударга, амьсгаатай хүн. Арваад жил Монгол Улсыг удирдсан. Тэгэхэд маш шударга. Аль болох хүнийг шударга талаас нь харж, дэвшүүлдэг. Юм хийгээгүй, энэ түүний хүүхэд, тэр аймгийн энэ тэр гэж танил талыг хүлээн зөвшөөрдөггүй. Хүнийг муу хэлэх, нэг хүнийг нөгөө хүнд нь муучлахад дургүй. “Чи яагаад өөрт нь хэлээгүй байж, надад хэлж байгаа юм. Дахиад ингэх юм бол ажлаас чинь хална” гэж ханддаг. Нэг багийг тэргүүний баг болгосон тохиолдолд даргыг нь сумын даргаар шууд тавина. Нэг сумын ажлыг сайжруулсан хүнийг аймгийн даргад тавина. Аймгийн ажлыг сайжруулсан хүнийг яамны сайд болгох жишээтэй. Тэр үед 13 яам байлаа. 13 сайд дандаа нэг аймгийг тэргүүний болгосон хүмүүс. Гэтэл Ю.Цэдэнбал гарч ирээд увсын дүрвэдүүд, Орос эхнэртэй, орос хэлтэй улсуудыг сайд болгоод тавиад байдаг. Тэнд нь мундаг хүн байхгүй шүү дээ. Нутаг ус, танил тал, орос хэл халтар хултар цээжилсэнээр нь албан тушаалд тавьж байсан юм. Бал дарга тэгэж Х.Чойбалсангийн кадр хүчнийг тавих баримталж байсан бодлогыг орвонгоор нь эргүүлсэн. Тэгээд Монгол оронд ажил төрөл гэдэг чинь ямар ч утгагүй юм болж хувирсан. Үүнийг арьс махаараа ажигласан. Энэ тухайгаа ч их хурал дээр хэлсэн. Тэгээд энэ үзэл санааг эсэргүүцсэн хүмүүсийг их харгисаар хэлмэгдүүлсэн.

-Та Ю.Цэдэнбал гуайд их дургүй юм аа даа. Тэр хүний үзэл баримтлал, шийдвэрээр хэлмэгдэлд өртсөн дөө ч тэр үү … ?

-Оросын эрхшээлд орж, эрх мэдэлгүй байгаагаас хойш дагахаас яах уу. Оросыг дагахаас өөр аргагүй. Гэхдээ Оросын бодлогыг дагаж, даалгаврыг нь биелүүлэхийн зэрэгцээ эх орноо гэсэн сэтгэлтэй Монгол орныхоо сэхээтнүүдээ устгахгүй байх байсан. Ю.Цэдэнбал Монголын олон сэхээтнийг цааш нь харуулсан. Түр ашиглаад дараа нь хэлмэгдүүлж үгүй хийсэн. Монгол орныхоо нутгийг хамгаалж тэмцсэн Аварзэд сайд гэдэг хүнийг ажлаас нь халж, насаараа тээврийн жолооч хийж байгаад гутраад үхлээ. Тэр хүн өндөр боловсролтой. Маршил Х.Чойбалсан Гадаад яамны сайдаар тавьж байлаа. Тэр мэтийн миний хүндэтгэж явсан сэхээднүүдийг цааш нь харуулсан. Тэгэхээр яаж сайн байх уу.

-Та Х.Чойбалсан гуайг нас барахад хүндэт харуулаар зогсож байсан гэсэн үү?

-Тийм. Орост 1952 онд маршил Х.Чойбалсан хагалгаа хийлгээд нас барлаа. Тэгээд маршилтай салах ёс гүйцэтгээд, шарлыг нь вагонд ачиж Монгол руу явуулсан. Тэгэхэд хүндэт харуулд нь зогссон. Тэр үед Оросын Коммунист намын сургуульд сурч байлаа. Монголын бүх хүн уйлж байсан. Тийм удирдагч хаана байна. Олон лам нарыг алсан нь Х.Чойбалсангийн нэртэй холбоотой боловч ард түмэн ерөнхий багцааг нь ойлгож байгаа. Үнэн голоосоо алаагүй. Оросын дээд удирдлагаас сүсэгтэн олныг бүгдийг нь толгойлон дараалан алах шийдвэр өгсөн. Тэрийг нь Х.Чойбалсангаар удирдуулсан. Энэ хиймэл юм гэдгийг ард түмэн ойлгож байлаа. Тиймээс ард түмэн түүнийг хайрлаж байсан. Гэвч ардчиллын хүүхдүүд түүнийг алуурчин мэтээр ойлгодог. Амьдралыг нь гүйцэж хараагүй, үзээгүй учраас ахмад хүний үгийг сонсоосой. Монголын үндэсний удирдагч бол Х.Чойбалсан.

ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭХЭЭР АРАЙ ЗҮРХ ХҮРЭЭГҮЙ

-Та Хүний эрхийн үндэсний комиссын анхны даргаар ажиллаж байсан байх аа?

-1990 онд манай их хурал анхлан зохион байгуулагдлаа. Тэгээд Хүний эрхийн үндэсний комисс гэж байгуулагдсан. Комиссын анхны даргаар намайг томилсон. Хүн эрх чөлөөтэй, нийгмийн амьдралд чөлөөтэй оролцож байх нь чухал. Манайд хүний эрхийг хүндлэж явах зүйл ерөөсөө хэрэгжээгүй. Бид хоёр, гурван зуун жил бусдын колони явлаа. Ардчиллын үед эрх чөлөөгөө олж, эдлэж хэрэглэж явна.

-“Долдугаар сарын 1”-ний үйл явдал сүүлийн жилд болсон хар өдрүүдийн нэг байлаа.

-Ярих юм байхгүй. Тэр үеийн засаг төрийг барьж байсан Н.Энхбаяр, С.Баяр гээд улсуудын хуйвалдаан, далд явуулга. Нөгөө л хуучин нийгмийн арга барилаа санагалзсан зүйл. Ардчилал засгийн эрхийг дангаар барьж байсан бол арай тийм юманд оруулахгүйгээр шийдэж болох байсан.

-Та Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж байсан. Яагаад нэрээ татах болсон юм бэ?

-90 онд Их хурлын орлогч дарга болж, Үндсэн хуулийг батлалцсан. Тэр бол хамгийн өндөр албан тушаал. Одоо би УИХ-д данстай. Ардчиллын хүүхдүүд тэр үед өндөр үнэлээд анхны ерөнхийлөгчийг хашиж болох хүн гэж үзсэн. Надад тийм итгэл хүлээлгэсэн. П.Очирбаттай өрсөлдүүлсэн. Зүрх хүрээгүй юм. Ерөнхийлөгч гэдэг том албан тушаал. Хариуцлага ихтэй. Тэр үед эсэргүүцэх хүчин их байсан. Мэдээж амаргүй байж таарна. Сүүлийн хориод жил хөдөө мал маллаж, хар бор ажил хийж амьдарч байлаа. Нийгэм, улс төр, дэлхий дахины мэ­дээл­лээс хоцорсон. Тэгэхээр арай дийлэхгүй байх гэж айсан. “Тэр их өндөр адбан тушаалын цалин пүнлүү нь яах уу, би ажиллаж чадахаа байлаа, нэрээ татаж авья” гээд нэрээ татсан юм..

-Уг нь эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэг дээ?

-Үнэн. Миний жаахан ажигласан зүйл бол, хүнийг албан тушаалд тавихад эхнээсээ буруу явж ирлээ. Хоосон амлалт өгсөн улсуудыг Ерөнхийлөгчид дэвшүүлж, өнөөдүүл нь хийсэн ч ажил байхгүй. Баяжих таргалах гээд айхтар муухай зүйл рүү өөрсдийгөө хөтлөөд орууллаа. Тэр тал дээр би жаахан хязгаарлалт хийж чадах л байсан байх.

-Сүүлийн үед хүмүүс улс төрд ороод албан тушаалд очих, мөнгө завших  сонирхолтой болсон юм шиг. Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн авлига, албан тушаал, мөнгө завшсан хэргээр хорих ял сонслоо. Үүнийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Харамсалтай, өрөвдөлтэй юм. Тэр хүмүүсийн оюун санаа, мэдлэг доогуур байгаагийн шинж. Мөнгө олох амар арганд өөрийнхөө биеийг оруулж, бодолгүйгээр хандсан, нөгөө л шударга биш аргаар амьдрах арга гэж үздэг. Тэр үзлийн илрэл. Харамсаж, өрөвдөж л суух юм. Нийгмийн амьдралд үнэнээр амьдрахыг эрмэлзсэн нутаг ус, аав ээжийн сургааль тэр хүний биенд шингэдэг юм байна. Гадаад сургуульд сурч, тэднээс жишээ аваад ер нь Монгол эх орондоо хайртай, ард түмнээ гадаадын хүн шиг ухаантай, юмны эзэн, сэргэлэн байхыг хүсч мөрөөддөг байсан. Энэ бүгд л намайг хүн болгосон. Хүн ерөөсөө нийгмийн бүтээгдэхүүн гэдэг. Нэг хүний дагасан, хойно өмнө нь худлаа бялдуучилсан, долигонуур хүн юм сурдаггүй. Тиймээс амьдралд үнэн юм хэрэгтэй. Манай ирээдүй хүүхдүүд, залуучууд. Энэ залуучууд, хүүхдээ Монгол ёсоор хүмүүжүүлмээр байна. Хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхгүй хий л улс төр рүү гүйлгэх. Бөөн мөнгөн дээр очих гэсэн эрмэлзэл хортой шүү, аюултай.

-Залуучууд улс төрд их орж байна. Хорь гаруй настай, гуч хүрээгүй залуус сайдын алба хаших боллоо.

-Их буруу. Эхлээд ажил хөдөлмөрт биеэ дайчлах хэрэгтэй. Мэдлэгээ зориулах ёстой. Хүн 40 нас хүртэл нийгмийн амьдралыг бүрэн ойлгож, ажил хөдөлмөрөөр мөнгийг олоход эхлэж сурах хэрэгтэй. Тэгтэл боловсроогүй байгаа бие оргинизмыг улс төр, хүн захирах, том албан байгууллагыг удирдаж байх ажил руу дайчлахаар олигтой сурч чаддаггүй. Ер нь 40 нас хүртэл улс төр хийх хэцүү. Хэрэггүй зүйл. Нас жаахан ахиад ирсэн хойно улс төрд аяндаа олон түмэн хүлээгээд авдаг. Тэр хүнийг Их хурлын гишүүнээр сонгоно. Залуу хүн алдах нь ч их. Буруу зөрүү юм хийж тэр их өндөр албан тушаалаас унахдаа их чанга ойчино. Долоон давхараас унах, нэг давхараас унах хоёр өөр биз. Манай энэ намууд чинь залуучуудыг хуйгаар нь оруулж, хурал ном хийлгэж, юу ч мэдэхгүй залуучуудыг намын ерөнхий дарга ч гэнэ үү, юу ч гэнэ ээ, яамны сайдаар дэвшүүлж байна. Тэгэж хэрхэвч болохгүй. Улс төр гэдэг эдийн засгийн бодлогын хуримтлал. Хуучин тийм томьёо байсан. Бүх юмны уул уурхай бол эдийн засаг. Дийлэнх нь эрх мэдэл эзэмшиж, дарга болж байж сая ажил амьдрал нь бүтэх маягтай юм ойлгодог. Бушуухан шиг улс төрд байр суурь олж авах гэж эрмэлздэг. Энэ бол эндүүрэл. “Улс төрөөр их хөөцөлдсөн хүн сүүлдээ зодуулж үхнэ” гэсэн цэцэн үг Хятадын гүн ухаанд бий. Бодоход улс төрийн том зүтгэлтэнгүүд, Сталин, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал бүгд хүний гарт үхлээ.

-Манай улс эдийн засгаа өсгөх, улс орны хөгжлөө өөд нь татахын тулд байгалийн баялгийг ашиглаж байна. Гэвч энэ нь эргээд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх аюултайг ойлголоо?

-Эхэлж хэрэгжүүлсэн бодлого дотор харш юм бий. Өмнөх Засгийн үед уул уурхайн лицензийг хэдэн мянгаар нь хувь хүнд өгчихсөн. Уурхайг хувьдаа авсан хүн болгон үйлдвэр босгоод ажиллаж чадахгүй байна. Нөгөө газраасаа гадаадынханд дамлаж худалддаг. Улмаар гадны хүн Монгол орны эзэн болж суух эхлэл тавигдлаа. Газрын хөрсөнд байгаа баялгаа цувуулж хэрэглэх ёс хэзээнээс бий. Үүнтэй харшилсан. Уул уурхайг бүгдийг нь зэрэг биш өөрсдийн ажиллах нөөц бололцоондоо тааруулж ашиглах хэрэгтэй.

-Таны аав ямар хүн байсан бэ?

-Говь-Алтай аймгийн Ишигний нуруу гэж далайн түвшнээс нэлээн өндөр тийм нуруу бий. Манай эцэг тэр нутгийн хүн Тэр ууланд мал маллаж байсан, тайж угсааны хөдөлмөрч хүн. Малчин хүн мал аж ахуйгаа эрхлэх, үс ноосоо тушааж шударга хөдөлмөрийнхөө шимээр амьдардаг ард түмэн. Түүний нэгэн адил мал хариулж явсан. Үр хүүхдээ ч шударга байхыг захидаг байлаа. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд баригдаж, шоронд хоригдож, алах ял зааглуулж явсан хүн. Гэхдээ хэлмэгдэлтэд өртөөгүй тохиолдлоор амьд гарсан. Нэг хүү нь, миний ах мөн цэрэгт байхдаа нас барсан. Цагаан хуаран гэдэг газар бүхэл бүтэн цэргийн ангийн ус авдаг худаг руу хортой юм хийгээд тэндээс усаа авдаг байсан цэргийн   ангийнхан  цөмөөрөө үхсэн. Тэр дотор миний төрсөн ах цэрэгт байж байгаад эндсэн. Тэгэхэд тэр ангийн дарга нарыг худлаа барьж авч шоронд хийж, алсан байгаа юм. Ийм ажлыг оросууд зохион байгуулсан. Үүнийг хуучин Засаг хэлэхгүй, нууж байх хандлага газар авлаа.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Миний тэр цэрэгт эндсэн ах. Хоёр эгч нэг дүү. Тавуулаа мал малладаг. Тэр дотроос миний аав намайг сургуульд аваачиж оруулсан. 1935 онд баруун хязгаарт таван сумын дунд бага сургууль байгуулагдаж байлаа. Тэр үед малчид олон малтай. Хүүхдүүдээрээ малаа маллуулах гээд сургуульд өгөхгүй. Тэгэхэд аав намайг морин  дээр сундалж, сумын сургуулийн захиралд авчиж өгч “Энийг “а” үсгийн толгой таниулж ижилд нь нийлүүлэхийг бод. Энүүний ижил нь одоогийн энэ шинэ засаг” гэж. Тэр үед аав өөрөө бичиг үсэг мэдэхгүй ч  шинэ засгийн бодлогыг ухамсартайгаар ойлгосон. Тэрний буянаар би сумын сургуулийг 18-тай дөрөвдүгээр анги төгссөн. Тэгээд Улаанбаатарт Санхүүгийн комд ирээд хоёр, гурван жил сурч төгсөөд санхүү, эдийн засгийн анхны мэдэгдэхүүнтэй болоод ажил хийнэ гэж байтал нам, улс төрийн кадр хүчний шинээр бэлтгэнэ гээд явчихсан даа.

Нутаг руугаа явж байна уу?

-90 оноос хойш нэлээн явсан. Говь-Алтайн Чандмань сум. Сумандаа аавынхаа хөшөө дурсгалыг босгосон. Ээжийнхээ дурсгалыг босгох санаатай ч чадахгүй л байна. Миний ээж мөн Чандмань сумын хүн.

-Та “facebook” их хэрэглэж байна аа даа?

-Манай бага хүү комьпютр дээр ажиллах дуртай. Тэр миний “facebook”-ийг нэвтрүүлдэг /хөтөлдөг/. Өөрөө хөтөлдөггүй. Би юм хэлж бичүүлнэ. “facebook”-ийн 5000 найзтай. Хэвлүүлсэн ном, мэдэх юмнуудаа бичдэг юм.

-“facebook”-ийн найзууддаа юу бичиж байна. Ямар мэдээлэл хуваалцдаг вэ?

-Голдуу номонд бичигдсэн зүйлээ хүргэнэ. Цагийг зүгээр өнгөрөөх дургүй. Ногоо цагаа тарих, алт мөнгөний дархан гээд янз бүрийн мөнгө болж хувирах тийм юмнуудыг их санаачилж хийж байлаа.

-Төрөөс урамшуулсан ямар шагнал байдаг вэ?

-Ард түмэн хөдөлмөрийн дээд шагналаар шагнуулах тодорхойлолтыг төр засагт олон удаа оруулсан. Гэвч сүүлийн үед төр засгийг барьж байсан хуучин намын үлдэгдлүүд  шагналыг өгөөгүй. Би ч хөөцөлдөөгүй. Мөнгөөр авч болдог л юм байх. Тэр мөнгийг нь олж болох л байсан. Гэвч тэр үнэтэй шагналыг авья гэж бодоогүй. Тэр шагналын  ач холбогдол даан ч бага. Тийм учраас шагналгүй шагналтан. Олон түмэн намайг үнэлдэг. Миний удирдлагад ажиллаж байсан хүмүүс намайг үнэлдэг юм. Тэгэхээр тэр үнэлгээ байхад л хангалттай.

Т.АМАРТҮВШИН

УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …