Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос тодрууллаа.
-Хоёрдугаар сар гарснаас хойш тогтвортой байсан цаг агаар өнөөдрөөс / өчигдрөөс/ эхлэн цас орж хүйтэрлээ. Энэ байдал хэдийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна вэ?
-Цаг агаарын байдал өчигдрөөс цас орж хүйтэрч эхэллээ. Гэхдээ төвийн нутгууд болон нийслэлд өнөөдөр цас орохгүй. Өөрөөр хэлбэл, өчигдөр ороод дууссан гэж хэлж болно. Харин өнөөдрөөс зүүн аймгийн нутгаар цас үргэлжлэн орно. Мөн говийн нутгаар салхины эрч ширүүсэх төлөвтэй байна.
-Төвийн аймгууд болон нийслэлд цас үргэлжлэн орохгүй гэлээ. Тэгэхээр цаг агаарын байдал тогтворжиж дулаарна гэсэн үг үү?
-Яг тэгж ойлгож болохгүй. Ерөнхийдөө нийт нутгаар өнгөрсөн долоо хоногт харьцангуй дулаахан байлаа шүү дээ. Говийн аймгаар гэхэд өдөртөө 10 хэм дулаарсан. Нийслэлийн хувьд зарим өдөртөө хоёр хэмийн дулаан байлаа. Гэхдээ цас орохгүй гээд дулаарна гэж ойлгож болохгүй. Учир нь, энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эх хүртэл дулаарахгүй. Энэ үеэр нийслэлд гэхэд өдөртөө 13-15 хэмийн хүйтэн байх төлөвтэй байна. Харин өдөртөө 13-15 хэмийн хүйтэн байсан нутгаар 18-21 хүрч хүйтрэх юм.
-Тэгвэл цаг агаар хэзээнээс дулаарах бол?
-Гуравдугаар сар гартал цаг агаар дулаарахгүй. Учир нь, энэ сарын 28-наас цаг агаарын хоёр дахь муудалт эхэлнэ. Энэ байдал нь гуравдугаар сарын 1, 2 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр зарим нутгаар цас орно.
Д.Үүлэн