Өвлийн тэсгим хүйтэн, мөс цас, бороо, зуны аагим халуун гээд энэ бүгдийг хөл нүцгэн сайн дураараа туулна гээд төсөөл дөө. Үнэхээр хэцүү санагдаж байгаа биз? Тэгвэл АНУ-ын Кентуки мужийн иргэн Ричард Хадгинс гэх эр жилийн турш хөл нүцгэн явахаар шийджээ.
Тэрээр өнгөрсөн оны 12-р сараас эхлэн хөл нүцгэн явж эхэлсэн бөгөөд “Гуталгүйгээр нэг жил” гэсэн компанит ажлыг эхлүүлсэн байна. Ричард гуталгүй явах болсон тухайдаа “Дэлхийн өнцөг булан бүрт гутал байтугай ус ч ууж яадахгүй яваа олон сая хүмүүс, тэр дундаа хүүхдүүд байна. Дэлхий дээр 300 сая гаруй хүүхдүүд өмсөх гуталгүй байгаа гэсэн тооцоо байдаг. Тиймээс би гуталгүйгээр нэг жил амьдарч тэдгээр хүүхдүүдэд хандив цуглуулан гутал авч өгөх гэж байгаа” гэжээ.
Одоогоор түүнд хандивлагчдаас 4 мянган доллар цуглараад байгаа бөгөөд цаашид хандивлагчдаас багадаа 25 мянган доллар цуглуулж эл мөнгөөрөө Кени дэх 800 хүүхдэд эдэлгээ сайтай гутал авч явуулах аж. Хэрэв үүнээс их мөнгө цугларвал бүр олон хүүхдэд тусламж үзүүлэх бөгөөд гутал үйлдвэрлэгч компаниудыг гутал хандивлахыг ч уриалж байгаа юм байна.