Шүлхийн тархалтыг хязгаарлах зорилгоор вакцинжуулалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа талаар холбогдох газраас мэдээллээ. Энэ хүрээнд ОХУ болон БНХАУ-аас 2.1 сая тун вакцин ирсэн бол энэ сарын сүүлээр Франц улсаас мөн 300 мянган тун шүлхий вакцин оруулж ирэх юм байна. Түүнчлэн Онцгой байдлын газраас авсан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр улсын хэмжээнд нийт хоёр сая 278 мянга 22 толгой малыг вакцинжуулсан байна.
Шүлхийн вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын горимд нийцсэн лабораториудад үйлдвэрлэн түгээж байгаа юм. Одоогийн байдлаар Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Дөрөвдүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун болон Нисэхийн товчоонд байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрвөн цэгийг 24 цагийн турш ажиллуулж байна.
Д.Үүлэн