УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга Эеро Хейнэлуомад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр бараалхав. Уулзалт Кемпински зочид буудлын Тэнгэр танхимд болсон юм.
Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома уулзалтын эхэнд түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийн бүрэлдхүүнд өмнө нь Монголд олонтаа ирж байсан хүмүүсээс Монгол Улс үнэхээр хурдацтай хөгжин өөрчлөгдөж байгааг олж харлаа гэдгийг сонссоноо дуулгахад таатай байна гээд хоёр орны геологи, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа амжилттай явж буйн тодорхой жишээ нь өчигдөр Геологийн төв лаборатори дээр зохиогдсон семинар байсныг тэмдэглэв. Мөн Финланд Монголын харилцаа өндөр түвшинд өргөжин хөгжиж буйн илрэл нь хоёр улсын Ерөнхийлөгч нар харилцан айлчилсан явдал юм гэдгийг тэрбээр онцолж, Финланд улсын Захиргааны дээд шүүхийн Ерөнхийлөгч асан ноён Пекка Халлберж болон тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ларс Бакстром нарыг танилцууллаа.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин яриандаа, манай улсад ардчилсан нийгэм хөгжиж байгаа 20 гаруй жилийн хугацаанд хууль эрх зүйн орчны шинэтгэл хамгийн удаан хийгдэж байна. Гэхдээ та бүхний айлчлалын цаг хугацаа манай улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн яг өмнөх үйл явдлаар дүүрэн буцалсан өдрүүдтэй таарч буйтай адил хууль эрх зүйн орчны шинэтгэлийн явц мөн тийм их өрнөлттэй явагдаж байна гэдгийг онцоллоо.
Манайд хууль сахиулах байгууллага өмнө нь нийгмийн хэв журам сахиулах, зэвсэгт хүчний дэгийг илүү баримтлан ажиллаж ирсэн бол одоо бид иргэндээ ойр үйлчилгээтэй байх өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн чуулганы үеэр БНФУ-ын Хууль зүйн сайдтай уулзаж ярилцахдаа танай улсад хууль сахиулах байгууллага нь хэрхэн иргэндээ үйлчилж байгаа туршлагаас суралцах зүйл их байгаа нь харагдсан. Ялангуяа Финланд улс маш тогтвортой, тайван засаглалтай орон бөгөөд хүн амын тоо нь манай улстай ойролцоо байгааг бид их сонирхож, судалж байна гэлээ.
Мөн өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан болон БНФУ-ын Парламентын гишүүн, Финланд Монголын найрамдлын бүлгийн дарга хатагтай Лийза Анттила нар уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцжээ.