Н.Батсүмбэрэл: Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй

Screenshot_13_500x500МАН-ын Бага хурлын гишүүн, улс төрийн бодлогын ахлах ажилтан Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Нэг хэсэг нам дотор жигүүр байгуулах талаар багагүй явсан ч сүүлийн үед түүх соёлоо хамгаалах чиглэлээр түлхүү ажиллаж байх шиг байна. Энэ таны хувийн байр суурь уу, эсвэл намын аппаратад ажиллаж байгаа гэдэг утгаараа даалгавраар ажиллаж байна уу.

-Танд болон танай сонины уншигчдад хаврын сайхан өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед “Түүх соёлоо хамгаалах хөдөлгөөн” гэж байгуулаад ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд эрдэм шинжилгээний хурал, нээлттэй хэлэлцүүлэг болон түүх соёлоо хамгаалах, сурталчлах асуудлаар шат дараалсан хэд хэдэн уулзалтыг хийлээ. Түүхийг гуйвуулах, түүхийн утга агуулга илэрхийлсэн хөшөө дурсгалын нэрийг өөрчлөх, нурааж буулгах, түүх бичлэг төдийгүй сурах бичгийн агуулгыг засварчлах, түүхийг нэгэн үеийг нөгөө үеэр нь нухчин дарах гэсэн үйлдэл газар авсаар байна. Ингэхдээ улс төрийн давхар зорилго тээж, нэг хэсэг улстөрчид болон нам хүчний захиалгаар үүнийг хийж байгаа нь буруу юм л даа. Энэ байдлыг өөгшүүлэн зүгээр хараад сууж болохгүй, түүхэн үнэнийг бодитоор нь үлдээх ёстой гэсэн жирийн иргэд, намын гишүүн дэмжигчдийн санал шаардлага их ирсэн. Тиймээс энэ хөдөлгөөнийг байгуулсан. Энэ бол олон түмний санаа бодол.

-Нам сөрөг хүчин байгаа үед намаа гэсэн сэтгэлтэй, эрч хүчтэй залуусын дэм багагүй хэрэгтэй байх. Таныг удирдлагуудаа болон намын бодлого шийдвэрийг өөрчлөх хэрэгтэй гэж үздэг хүний хувьд асууж байна л даа?

-Эрх баригч ч бай, сөрөг хүчин ч бай намд залуу үеийн оролцоо чухал байдаг. Манай нам байнга л залуусаа дэмжиж, үйл ажиллагаандаа татан оролцуулсаар ирсэн. Сөрөг хүчин болсон одоогийн намынхаа хүнд хэцүү үеийн үйл хэрэгт зүтгэж, намынхаа өмнөөс эрх баригчдын алдааг ил гаргаж явна. Ажил хэрэгч шүүмжлэл өрнүүлж байгаа залуус болон бусад хөдөлгөөний үйл ажиллагаа, залуучуудын оролцоо ч гэсэн тий байгаасай гэж хүсдэг. Заавал нэм гэлтгүй аль нь зөв, бурууг залуус ялгаж салгадаг байх хэрэгтэй.

-Нам XXVII Их хурлаасаа хойш залуус болон эмэгтэйчүүдийн төлөөллийг бага болон Их хуралд олноор оруулж, тэдэнд шийдвэр гаргалцахад дуу хоолойгоо нэмэрлэх боломжийг бодитоор олгосон гэж байгаа. XXVII Их хурлаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Үр дүн хэр байна вэ?

-Улс төрийн нам бол олон нийтийн байгууллага гэдэг статусаас харвал намын бүхий л үйл хэрэгт намын гишүүд нийтээрээ санаа бодлоо уралдуулж, гар бие оролцох ёстой. Шууд болон төлөөллийн зарчмын алинд ч намын нийтлэг эрх ашиг хангагдах нь нам дахь дотоод ардчиллыг бэхжүүлээд зогсохгүй нам урт удаан хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломжийг хангадаг. Нөгөө талаасаа хуулиар заасан хүйсийн харилцааг хангах, гишүүдийн нас насны төлөөллийг тэгшээр оролцуулах ёстой болдог. Энэ бол прагматик онол. Намын Их хурлаас хойш байгуулагдсан бүтэц дээрх зарчмыг аль болох хангахыг чармайж байгаа. Харин бодлогын хувьд намын их хурлаас намын даргын дэвшүүлсэн таван зорилт бол маш чухал зүйл болсон. Үүнийг ажил хэрэг болгохын төлөө нам ажиллаж байна. Том зорилтууд болохоор үр дүн нь одоо шууд гарахад эрт л дээ. Хугацаа хэрэгтэй.

-Та хэсэг залуусын хамт нам дотор жигүүр байгуулах санаачилга гаргаад гарын үсэг хүртэл цуглуулаад байсан. Энэ асуудал юу болсон бэ. Аль нэг даргын шахалтаар нам жим болчихов уу. Эсвэл арай өөр улс төрийн акци зохион байгуулах бодолтой байна уу.

-Бодлого нь буруу, үйл ажиллагаа нь алдаатай байвал засч залруулах санаачилга гаргаж л байх хэрэгтэй. Тэр бол нам амьд байгаагийн нэг илрэл. Бидний хэсэг залуус тийм л санаачилга өрнүүлсэн. Түүнээс хэн нэгэн дарга, аль нэгэн бүлэглэлийн өмнөөс ажил зохион байгуулаагүй. Намын Их хуралд ч биеэ даасан бодлого, байр суурьтай оролцсон. Алдаа байвал гишүүд нь намдаа ажил хэрэгч шүүмжлэл өрнүүлж засч залруулах үүрэгтэй.

-УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс цаг үеийн асуудалд маш соргог хандаж, асуудлыг гаргаж тавьж байна л даа. Гэвч эрх баригчдын зүгээс нэг их анхаарал хандуулахгүй байх шиг байна. Тухайлбал, УИХ дахь намын бүлгээс сүүлийн өдрүүдийн ам.долларын ханшийн өсөлтийн талаар мэдээлэл хийж, засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг хуралдуулах шаардлага тавьсан ч таг чиг байна. Энэ бүхнийг та хэрхэн харж байна вэ?

-Үнэхээр ч одоогийн эрх баригчид улс орны төлөө ажиллаж байна уу гэдэгт асуулт тавих, эргэлзэх байдал бий болсны илэрхийлэл нь наад асуудал чинь юм л даа. Ялангуяа эрх баригчдын байгуулсан “давхар дээл”-тэй Засгийн газар чихгүй толгойноос өөрцгүй боллоо. Эдийн засагт гал гарч байгааг бизнес эрхлэгчид хэлээд байхад, иргэдийн амьдрал амжиргаа өдрөөс өдөрт доройтож байгааг сануулаад байхад маасайтал алиалаад л сууж байна. Түүний оронд арай ажил хэрэгчээр асуудалд хандчих, нийтийн эрх ашгийн төлөө ажиллах шударга хүн эрх баригчдын дунд байхгүй байна гэхэд хилс болохгүй. Энэ Засгийн газарт итгэх итгэл алга. Сайхан инээж, бэлэн амлаж зүтгээд ч үр дүн гарахгүй байх.

-Чуулган завсарласан энэ өдрүүдэд ганц танай нам ч гэлтгүй гишүүд орон нутагт ажиллаж байх шиг байна. Орон нутаг дахь томилолтын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Намын Их хурлаас хойшхи таван сарын дотор намын дарга, генсекээр ахлуулсан ажлын хэсгүүд улс орноо хоёр дахь удаагаа бүтэн тойрч байна. Мөн нийслэл болон орон нутагт хэсэгчилсэн байдлаар хэд хэдэн удаа ажиллалаа. Явсны үр дүн гарч байна. Өмнө нь орон нутгаар явж иргэдтэй уулзаж ирээд Засгийн газрын эдийн засаг, санхүү хариуцсан сайд нарт хариуцлага тооцохыг санаачилсан. Гэвч эрх баригчид монгол хөгжиж байгаа гээд л хоёр сайдаа аваад үлдсэн. Түүнээс хойш монгол орон улс шиг хөгжиж үү, монгол хүмүүс хүн шиг амьдарч байна уу гэдгийг намын удирдлагууд болон УИХ дахь бүлгийн гишүүд газар дээр нь үзэж, иргэдтэйгээ уулзахаар явж байна. Явж дуусаад эрх баригчдын цонхоор харж суугаа шиг бус иргэдийн бодит амьдрал ямар байгааг дүгнэнэ.

-Ам.доллар гэлтгүй юаниас өгсүүлээд рубль гээд гадаад валютын ханш ихээхэн чангарчихлаа. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ч өссөн үзүүлэлттэй байна. Гэвч Засгийн газар, эрх баригчдын зүгээс төдийлөн асуудал гэж авч үзэхгүй байна. Харин ч Н.Алтанхуяг сайд “Тансаг хэрэглээнээсээ татгалз, хэрэгтэй хэрэггүй зүйл худалдаж авахаа боль” гээд байх юм. Залуу хүний хувьд бас сөрөг хүчний намын гишүүний хувьд асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Тийм юм ярьж суугаа Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй. Хариуцлагагүй засгийн газарт хариуцлага тооцох ёстой. “Давхар дээл”-ийг нь хөнгөлж, хариуцлагатай ажиллах Засгийн газрыг шинээр бүрдүүлэх хэрэгтэй. Өөр ямар ч сонголт байхгүй. Үүнийг ганцхан Ардын нам, Ардын намын гишүүд хэлээд байгаа юм биш ард түмэн хэлээд, хүлээгээд байгаа юм.

-Өөрийн багцын мөнгөө зориулалтын бусаар зарцуулсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т шалгуулахаар хандсан Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нарт эрүүгийн хэрэг үүсчихсэн явж байгаа. Адилхан залуу хүний хувьд энэ асуудлыг та хэрхэн харж байгаа вэ?

-Манай намын хоёр залуу гишүүн шүү дээ. Үндсэн хуулиар олгосон иргэний хардах эрхээ эдлээд, энэ асуудлыг шалгаж нягтлаад өгөөч гэхээр дургүйлхэж эргүүлээд хэрэг үүсгэчихдэг хачирхалтай үйл явдал болж байгаа. Энэ бол улстөржилт. Ерөнхий сайдын нэр хүнд яасан ч үнэтэй юм бэ дээ. Хэрэв Монгол Улсын 200 мянган иргэн хардах эрхээ эдэлбэл бүгдэд нь хэрэг үүсгүүлэх нь л дээ. Намынхаа улс төрийн эрх ашгийн үүднээс нэг үгээр хэлбэл, сөрөг хүчин намын гишүүний үүргээ биелүүлж яваа залуусаа Ардын нам дэмжинэ, хамгаална. Үүнийгээ ч мэдэгдээд хэвлэлийн хурал хийсэн. Энэ хоёр залуу гэлтгүй эрх баригчдын зүгээс улс төрийн шалтгаанаар хохирч, хэлмэгдэж, шалгуулж байгаа намын гишүүдээ, иргэдээ өмгөөлнө. Энэ бол сөрөг хүчний нэг үүрэг.

-Таны хувьд намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг чамгүй мэднэ. Нам ялалт байгуулах, сайн ажиллахад хороо, дүүргийн үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй. Таныг дараагийн сонгуульд Чингэлтэй дүүрэгт өрсөлдөнө гэж сонссон. Энэ талаар тодруулаач?

-Миний хувьд намын үүрийн даргаар 2009 оны нэгдүгээр сараас хойш ажиллаж байна. Энэ хугацаанд дүүргийн ИТХ-д сонгогдон ажиллаж үзлээ. Иргэдийн эрхийг хангах, иргэдэд үйлчлэх анхан шатнаас улс төрийн ажил эхэлдэг нь үнэн. Энэ ажлаа зарим талаар муу хийж байснаас манай нам ялагдах нэг шалтгаан болсон. Гэхдээ Чингэлтэй дүүрэг бол 2012 оны орон нутгийн сонгуульд ялсан цөөхөн дүүргийн нэг. Засгаа авсан төвийн ганц дүүрэг. Ирэх 2016 оны сонгуульд ялалтаа баталгаажуулах, намынхаа ялалтыг сэргээн түүчээлэх үүрэг хүлээж байгаа дүүрэг. Намын ялалтын төлөө намын бага хурлын гишүүнийхээ хувьд дүүрэгтэйгээ нягт хамтран ажиллана гэж бодож байгаа.

-Өмнө нь ажиллаж байсан туршлага, одоо бодож санаж яваа зүйлээсээ хуваалцаач. Анхан шатны байгууллага хэрхэн ажиллах ёстой юм бэ?

-Намын удирдлагууд, ялангуяа дунд шатны намын байгууллагууд намын анхан шатны байгууллагаа сайн дэмжиж ажиллах зайлшгүй шаардлага бий. Алагчлаад байж болохгүй. Нөгөө талаас намын доод шатны байгууллагууд орон нутгийн онцлогоо мэдэрч, улс төрийн идэвхтэй үед дайчин ажиллах ёстой. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэх социал зарчмаа л мартаж болохгүй дээ.

эх сурвалж: инфо.мн

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …